2025.04.04

Б.Мөнхсоёл: Хүний эрхийг хэлэлцдэг цахим платформтой болъё

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.04.04/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

О.Алтангэрэл сайд хэрэгтэй хууль санаачилсанд нь талархаж байна.
Өмнө нь үг хэлж, асуулт асуусан хүмүүстэй утга агуулга давхардуулахгүй тулд 3 гол санааг хэлмээр байна.
Нэгдүгээрт, С.Эрдэнэболд гишүүний хэлсэнчлэн хүний эрхийн асуудлыг байдаг л асуудал гэж үл ойшоох явдал газар авч байна. Иргэд тухайн хүн албан тушаал ахих, эрх мэдэл авах тусмаа хүний эрхийг дээдлэх нөхцөл байдал буурч байна шүү гэдэг шүүмж явдаг. Төр, төрийн өмчит үйлдвэрийн газрууд бусад төрийн байгууллагууд, компаниуд гээд нийгэмд оролцоотой явж байгаа бүх байгууллагууд жил бүр улсынхаа хэмжээнд хүний эрхийг авч хэлэлцдэг, ярилцдаг тогтолцоо руу гэдгийг хэлмээр байна.
Хоёрдугаарт, Хэлмэгдүүлэлтийн асуудлыг янз бүрийн цаг үед, янз бүрийн өнцгөөр оноож ярьдаг. Тэгэхээр өнгөрсөн үеийн сургамж юу байв? Хүний эрхийн талаар. Хэлмэгдүүлэлтийн нөхцөл байдал ямар байгаад өнөөдөр ямар байдалд хүрэв гэдэгт үнэлгээ, дүн шинжилгээ хийх ёстой юм болов уу гэдэг санал байна.
Гуравдугаарт, Хүний эрхийг хэлэлцдэг цахим платформтой болмоор байна. Хүний эрх яагаад зөрчигддөг вэ гэхээр ил зүйлүүд ойлгомжтой, хүүхдийн дээрээс юм унаад, эсвэл тоглоомын талбайд нас барлаа гээд. Осол гэмтэлд өртөж байгаа хүний эрхийн асуудлыг нийгмээрээ хардаг, ярьдаг, шуугидаг, өнгөрдөг. Далд хэлбэртэй хүний эрх зөрчдөг үйл явдлууд маш их байдаг шүү. Тийм учраас би үнэлгээг чухалчлаад байгаа юм.