Б.Мөнхсоёл: Олон ургальч үзэл улс төрийн намын амин сүнс
2025.06.09

Б.Мөнхсоёл: Олон ургальч үзэл улс төрийн намын амин сүнс

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр та ХҮН намыг тарвал хэмээн хэлсэн. Энэ нь нам доторх зөрчлийг ил гаргасан хэрэг гэж олон нийт харсан. Энэ бүх үйл явцын үндэс шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Би үүнийг хагарал, зөрчил гэхээсээ илүү үзэл бодлын эрүүл өрсөлдөөн гэж үзэж байгаа. ХҮН нам бол гуравдагч улс төрийн хүчин болохоор төлөвшиж буй шинэ үеийн улс төрийн байгууллага. 100 жилийн түүхтэй МАН, АН зэрэг намууд ч өнөөг хүртэл үзэл санааны маргаантай тулгардаг. Энэ бол ардчилсан нийгмийн хэвийн үйл явц. Олон ургальч үзэл, нээлттэй хэлэлцүүлэг нь ардчиллын гол үнэт зүйл бөгөөд ХҮН нам ч энэ зарчимд тулгуурлан бий болсон.

Миний бухимдал бол энэ үнэт зүйл алдагдаж болзошгүй нөхцөлд анхааруулга өгсөн хэлбэр байлаа. Бидэнд хийх ажил их байна — 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгууль хүлээж байна. Тиймээс сонгогчдын итгэлийг хадгалах нь амжилтын үндэс гэж үзэж байна.

-Таны тэр мэдэгдэлд намын зарим гишүүд бухимдсан. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Тухайн үед гаргасан мэдэгдэлдээ би намын гишүүд, дэмжигчдээсээ албан ёсоор уучлалт гуйсан. Ямар ч үед хүний сэтгэл хөдлөлөөс ангид байх амаргүй. Хувийн нөхцөл байдал, үнэт зүйлтэй зөрчилдсөн нөхцөл байдал, элдэв шахалт зэрэг нь тухайн үед надаас илүү хурц байр суурь илэрхийлэхэд хүргэсэн байж болно. Гэвч өнгөрсөн арван жилийн хугацааг ХҮН намд зориулсан хүний хувьд би намынхаа ирээдүйг үгүйсгэхийг хүсээгүй. Харин ч улам сайжруулах цаг болсныг л онцлон хэлсэн хэрэг.

-Та намаа төлөөлөн УИХ-д сонгогдсон хүний хувьд намын бодлогыг дагах ёстой гэх байр суурь танай намын зарим гишүүдийн дунд байна. Таны бодол?

-Би ХҮН намын эхэн үеэс хамт байсан цөөн гишүүдийн нэг. Намын үзэл баримтлал, хамтын зүтгэл дээр тулгуурлан ажиллаж ирсэн. Үзэл бодлын зөрчил гэдэг нь намын төлөвшлийн нэг хэсэг. Гэхдээ “намын бодлого” гэдэг нэрийн дор сонгогчдын маань бидэнд итгэсэн үнэт зүйл, зарчимд харш шийдвэр тулгах нь зохимжгүй. Улс төрийн намын үндсэн зарчим бол олон ургальч үзэл. Харин аливаа асуудлыг ардчиллын зарчимд тулгуурлан, цөөнхийн санааг сонсож, олонхийн саналыг хүндэтгэн шийдвэрлэх ёстой.

-ХҮН нам Хамтарсан Засгийн газарт орсон нь олон нийтэд гэнэтийн шийдвэр болсон. Та үүнийг хэрхэн үнэлж байна вэ?

Энэ шийдвэрийг гаргахдаа олон нийт, дэмжигчиддээ бүрэн ойлгуулж чадаагүй нь том алдаа байсан. Гэвч намын дүрмийн дагуу олонхийн шийдвэрийг хүндэтгэн хэрэгжүүлсэн. Засгийн газарт орж ажилласан манай хоёр сайд ч хичээн зүтгэсэн. Гэхдээ ХҮН намын дотоод дэмжлэг байсан ч засгийн газрын тэргүүнд итгэх олон нийтийн үнэлгээ бодит нөхцөл байдлаас хамааран буурсан нь үнэн. Энэ байдалд дүгнэлт хийн өнгөрсөнд саатах бус ирээдүйд илүү нээлттэй, хариуцлагатай ажиллах шаардлага байна гэж үзэж байна.

-Сайн засаглал, дотоод ардчиллыг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ?
-
Сайн засаглал нь ил тод байдал, хариуцлага, хууль дээдлэх зарчим дээр үндэслэнэ. Энэ нь эцэстээ итгэлцлийг бий болгож, тогтвортой засаглалд хүргэдэг. Улс төрийн намууд төлөвшсөн, хариуцлагатай, нээлттэй байх нь сайн засаглалын суурь болдог. Иймээс бид нам дотроо үнэлгээ дүгнэлт хийж, бүтэц зохион байгуулалтаа сайжруулах, гишүүдийн оролцоог бодит утгаар хангах нь чухал. Тухайн намын асуудал нь дан ганц тухайн улс төрийн хүчний асуудал биш, харин төрийн тогтолцооны асуудал болдгийг намын гишүүд болон олон нийт ойлгох хэрэгтэй.

-Танд болон Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцох тухай мэдээлэл гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн үү?

-Энэ тохиолдолд үнэлж дүгнэж буй тогтолцоо нь шударга, зарчимч байх ёстой. Бидний гаргасан байр суурь нь намын бодлого болон олон нийтийн эрх ашиг хоорондын зааг дээр үндэслэсэн. Дүрэм журмын хүрээнд бүхий л асуудалд ил тод, тэнцвэртэй, шударга зарчмаар тэгш хандах ёстой. Миний зүгээс ХҮН намыг “тар” гэсэн үгэндээ уучлал гуйсан. Харин үндсэн зарчим, үнэт зүйлээ хамгаалсны төлөө шийтгэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Сүүлийн үед таны талаар эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл тарж байна. Одоогийн мэдрэмж?

-Үндсэн зарчим, үнэт зүйлээ баримтлахад надад хэзээ ч хүнд хэцүү санагдаж байгаагүй. Харин дараа нь үүссэн цахим орчны зохион байгуулалттай дайралт, мушгин гуйвуулах оролдлогууд л хамгийн муухай мэдрэмж өглөө. Эмэгтэй улстөрчдөд чиглэсэн цахим дарамт нь нийгмийн томоохон бэрхшээл болоод байна. Үүнийг УИХ-ын гишүүн асан М. Батчимэг, өнөөгийн гишүүн Ж.Баярмаа нарын жишээнээс ч харж болно. Хэрэв олон нийтийн дайралт эхэлж байгаа бол тухайн хүн зөв зүйлийн төлөө дуугарч байна гэж хардахад ч буруудахгүй байхаар байна. Тиймээс хэлж буй үгийн агуулгыг нь анхаарч, үнэт зүйлд суурилсан шүүмжийг ойлгож хүлээж авах чадвар нийгэмд улам их хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.