Нийтийн тээврийн маршрутын давхцал арилгах төлөвлөлтийг танилцууллаа
2023.12.28
Зам, Тээвэр

Нийтийн тээврийн маршрутын давхцал арилгах төлөвлөлтийг танилцууллаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд  өдөр бүр үйлчилгээ үзүүлж буй. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг юм.

Арванхоёрдугаар сарын 25-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, өөрчлөлт оруулахаар болсон. Харин өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-ЖАЙКА олон улсын байгууллагын 2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод суурьшин амьдарч буй нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Зорчилтыг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гарган боловсруулж буй.

Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих төлөвлөлт боловсруулсан бөгөөд автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон гэв.

Дээрх зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бөгөөд их багтаамжийн автобус явах боломжгүй дунд багтаамжийн автобус явуулах аж. Ингэхдээ хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаа

гаараа онцлогтой юм.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

ШИНЭ МЭДЭЭ