НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталлаа
2023.11.17
Орон нутгийн хөгжил

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Өргөн барьсан төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн дүгнэлтийг танилцуулав. Эдийн засаг төсвийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хорооны гишүүдийн хувьд Сэлбэ дэд төвийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлын зардлыг 3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн асуудлыг цогцоор нь шийдэрлэх санхүүжилтийг нэмж шийдвэрлэх, Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 137 дугаар сургууль, 213 дугаар цэцэрлэг орчимд зогсоолын зориулалтаар газар чөлөөлөх зардал болох 420 сая төгрөгийг нэмж тусгах саналыг гаргалаа. Мөн сургуулиудын барилга, сантехник, фасадны засварын ажлын нийт 2 тэрбум 480 сая төгрөг, СХД дэх Залуус хорооллын цэцэрлэгийн түрээсийн зардлыг нэмж тусгах саналыг гаргасан юм.

Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн хувьд энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга, байгууламж, төсөл, арга хэмжээний шинэчилсэн жагсаалтын төсөлд тусгагдсан 9 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 57 тэрбум 556.4 сая төгрөгөөр бууруулах саналыг гаргасан юм.

Мөн Багахангайн үйлдвэрлэл технологийн паркийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээний ажилд 62.3 сая төгрөг нэмэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийг цахилгаан халаагуур, ашиглалтын шаардлага хангасан зуухны төсөл, арга хэмжээнд 36 тэрбум 238.5 сая төгрөгөөр нэмэх санал гарсан юм.

Түүнчлэн цахилгаан автобусны цэнэглэгч төхөөрөмжийн санхүүжилтэд 250 сая, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн явган хүний гарцын санхүүжилтэд 600 сая, СХД-ийн хүүхдийн амбулатори барилгын гадна дэд бүтцийн ажилд 47.3 сая төгрөг нэмэхээр санал гаргалаа. Ийнхүү Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд, хороодоос гаргасан саналыг бүхэлд нь дэмжсэнээр Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ