МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.02
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт өгснөөр ямар үр дүн гарах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас хамгийн үр дүнтэй хууль. Манай улсын валютын нөөц 4 тэрбум долларт хүрчихсэн. Хөгжлийн банкны 500 сая долларыг төлсөн гээд улсын эдийн засагт асар их үр дүнгээ өгч байгаа. Гэтэл дагалдах хуульд, биржийнхээ хуулийг үгүйсгэсэн юм оруулж ирж. Гаднын компанид жил бүр 20 сая тонн нүүрс өгөх буюу биржийн бус арилжаагаар тохиролцооны үнээр худалдах юм байна. Ингэж огт болохгүй. Хатуу хэлье. Гаднын компанид 20 сая тонн нүүрс өгч болно. Гэхдээ биржийн дундаж үнээр байх ёстой. Салбарын сайд нар үүнийг маш сайн мэдэж байгаа шүү дээ. Шийдлээ олсон уу.

АМНАТ-т өөрчлөлт орж байгаа юм байна. 2006 онд ашигт малтмалын тухай хууль батлагдсан. 2019 онд боловсруулалтын түвшин үнээсээ АМНАТ авах хувь хэмжээг өөрчилсөн. Энэ хууль Монгол Улсын эдийн засагт зохих хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа төлбөрийн нэг хэлбэр. 2024 оны нийт 25 их наяд төгрөгийн зонхилох хэсгийг АМНАТ бүрдүүлж байгаа. Үүнийг орон нутгийн хөгжлийг дэмжих сангаар дамжуулан сумдад өгнө хэмээн ярьж байна. 2024 онд 428 тэрбум төгрөгийг тус сангаар дамжуулан олгох юм байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12 тэрбум төгрөгөөр илүү байна. АМНАТ-өөс 135 тэрбум төгрөгийг уул уурхайг дэмждэг сумдад өгөх юм байна. Дэмждэггүй сумдад өгөхгүй юм уу. Байгаль орчноо хайрлан, хамгаалж байгаа иргэдийн буруу байхгүй. Энэ нь ямар тооцоо судалгаан дээр үндэслэн орж ирж байгаа юм. Орон нутагт өгснөөр ямар үр дүн гарах талаар мэдээлэл өгнө үү.

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ