2023.10.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Т.Аубакир: Хилийн цэргийн онцлогт тохирсон албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Батлан хамгаалах чиглэлээр, цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг ярилцаж байна. Үүн дотор чинь Хилийн цэргийнхэн багтаж байгаа юм уу. Батлан хамгаалахын яамны харьяа цэргүүд үү. Үүн дээр хариулт өгнө үү.

Хилийн цэрэг нь өөрөө маш онцлогтой байгууллага юм. Суурин газраас хол амьдардаг, хэдэн сараар суурин газарт орж ирэх боломжгүйн дээр гэр бүлийн хамт бүтэн жил амьдардаг шүү дээ. Хилийн цэргийн байгууллагуудаар явж байхад, нийгмийн асуудлыг шийдвэрлэх цөөнгүй асуудлууд байдаг. Тухайлбал, застав дээр ажиллаж байгаа алба хаагчдын хүүхдүүдийн боловсролын асуудалд анхаарах шаардлагатай. Тэнд хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ямар ч боломж байхгүй. Зарим заставууд дээр жишиг болохуйц сургууль барьж байгуулан ажиллаж байгааг үгүйсгэхгүй.

Үүний сацуу, нөхөр нь алба хаагч байлаа гэхэд гэр бүлийнх нь хүнийг ажлын байраар хангах асуудалд мөн анхаарах хэрэгтэй. Цэргийн албан хаагч эрт тэтгэвэрт гардаг. Эрт гардаг хэдий ч ажил гүйцэтгэх чадвартай байдаг. Тйимээс цааш нь ажиллуулахад салбарын сайд анхаарах нь зүйтэй. Тэдгээр хүмүүсийнхээ мэдлэг, чадвар, туршлагыг байгууллага ашиглаад явах эрх зүйн орчинг бид бүрдүүлэх хэрэгтэй.

Ингэх нь төсөвт ямар өөрчлөлт орохгүй, тэтгэвэр ээ аваад явна, хажуугаар нь цалингаа ч авна.

Түүний асуултад, Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ