“ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ” СЭДЭВТ МЭРГЭЖИЛ, АРГАЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023.06.09
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ” СЭДЭВТ МЭРГЭЖИЛ, АРГАЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын инновацын 7 хоногийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс “Инновацыг орон нутагт” сэдэвт аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан мэргэжил, аргазүйн сургалт 2023 оны 6-р сарын 8, 9-ны өдөр ХААИС дээр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Нийслэл болон 21 аймгийн Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Энэхүү мэргэжил, аргазүйн сургалт нь аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, зорилт, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, шинжлэх ухааны байгууллага, судлаачдын орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үүрэг оролцоог дээшлүүлэх, түүнчлэн орон нутагт шинжлэх ухаан технологи, инновацын үйл ажиллагаа явуулах, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулахад учирч буй хүндрэлтэй асуудлыг ярилцах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чиглэгдлээ.

Арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, профессор С.Мөнхбат нээж үг хэлэн Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн ахлах шинжээч Б.Лхагвадорж “Орон нутагт явуулах шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааны хүрээ, хэрэгцээ шаардлага, нөхцөл боломжийн талаарх санал, инновацын грант олгох журмын төслийн танилцуулга”, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Буянбаатар “Хөдөө аж ахуйн салбарын инновац, технологи”, МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ч.Сономдагва, “Монгол орны газрын доройтол, цөлжилтөөс нийгэм, эдийн засаг, ард иргэдэд нөлөөлөх хүчин зүйлс”, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Т.Аззаяа "ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн хөдөө орон нутагтай хамтран ажилласан туршлага: Одоо ба Ирээдүй" зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр нийслэл, аймаг орон нутгийн төлөөллүүдээс цаашид орон нутагт ШУТ-ийн үйл ажиллагаа явуулах, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулахад учирч буй хүндрэлтэй асуудлыг ярилцах, шийдвэрлэх, салбар зөвлөлийн уялдаа холбоо, цаашдын хамтын ажиллагаа болон инновацын грант олгох журмын төслийн талаар санал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чухал ач холбогдолтой байлаа.

Монголын инновацын 7 хоногийн хүрээнд аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар БШУЯ, ХХААХҮЯам, ШУТСан, ХААИС хамтран AGRI SHOWCASE TOUR арга хэмжээ, мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан ICT EXPO-2023 арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, үзэж танилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ