МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Идэрбат: УИХ-ын гишүүний үүрэг бол тойрогтоо очиж ул боов тараах биш
2023.05.12
Улстөр

Ц.Идэрбат: УИХ-ын гишүүний үүрэг бол тойрогтоо очиж ул боов тараах биш

УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч. Тэд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан ажиллахаар тангараг өргөсөн. Энэ өргөсөн тангаргаа умартахгүйгээр ард түмний элчийн үүргээ гүйцэтгэж байгаа гишүүн бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат. Түүний хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Улсын их хуралд иргэдийнхээ дуу хоолой болж, санал хүсэлтийг илэрхийлэн идэвхийлэн ажилласаар байна.

Эргэн сануулахад, иргэдээ сонсох “Эргэх холбоо-63” уулзалтыг намрын чуулган завсарласан 2023.01.23-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулсан. Ийнхүү УИХ-ын гишүүдээ төлөөлөн аймгийн төвийн 46 байгууллага, Хэрлэн сумын төвийн 7 баг, 5 сургууль, 18 сум, дөрвөн тосгоны (Өлзийт, Гурванбаян тосгон, Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Мөрөн, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров сумд, Бэрх тосгон, Хэрлэнбаян-Улаан тосгон, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сум) нийт 6465 хүнтэй уулзаж, 377 хүний давхардсан тоогоор 998 асуултад хариулж, уламжилсан санал хүсэлтийг хүлээн авсан.

Иргэд, төрийн албан хаагчдын зүгээс тэтгэвэр, тэтгэмж, цалин, нийгмийн даатгалын шимтгэл буюу нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг голчлон хэлсэн юм.

Иймд УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хувьд "ААН-үүд нийгмийн даатгалын дарамтаас болж цалингаа ч нэмж чадахгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг багасгахын төлөө анхаарч ажиллана" хэмээсэн.

Өнгөрсөн жил аймгийнхаа 89 багт ажиллаж иргэдээ сонссон бол энэ удаа сумдад, аймгийн төвийн агентлаг хэлтэс, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзаж, УИХ-аар батлагдсан хууль, Засгийн газрын шийдвэр анхан дунд шатанд, иргэдийн амьдралд хэр нийцэж байгааг судалсан уулзалтуудыг зохион байгуулав. Түүнчлэн “Эргэх холбоо-52” буюу өнгөрсөн жилийн уулзалтын үр дүн, санал хүсэлтийн хариу, шийдвэрийг мөн хэлэлцүүлсэн юм.

Харин энэ өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн асуудлаар ард иргэдтэй уулзаж байна. Орон нутагт улсын төсвийг үрэн таран хийдэг байдлыг таслан зогсооход анхаарч УИХ-ын чуулганаар нөхцөл байдлыг удаа дараа хэлж, саналаа уламжилж буй. Тиймээс аймагт хийж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Энэ байдлыг зогсооход захиалагчийн хяналтаас гадна иргэний хяналт чухал үүрэгтэйг тэрээр онцлов.

Түүний хувьд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа дээрх зарчмыг баримталж, 4 компаниас татгалзах саналыг холбогдох яамдад хүргэж, Хан Хэнтий чуулгын барилгын гүйцэтгэгч “Макс майнд” ХХК-аас татгалзаж, улмаар гурван шатны шүүхээр шүүхдэлцэж ялалт байгуулж, дараагийн гүйцэтгэгч орсон.

Харин ард иргэдийн зүгээс үнийн өсөлтийн талаар шүүмжилж энэ талаар түүний байр суурийг сонссон.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “2020 онд 5-6 мянга төгрөг байсан наранцэцгийн тос өнөөдөр 11-12 мянгатай байна. 300 төгрөг байсан өндөг 600 болчихоод байна. Энэ мэтчилэнгээр үнийн өсөлт их байна. Өнөө маргаашаа бус алсаа хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болмоор байна. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 19 нэр төрлийн барааг дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэдэг бол маш чухал зорилт”. Хөгжлийн банкнаас олон компани зээл аваад зориулалт бусаар ашигласан мөнгөний тоо 1.8 их наяд төгрөг байна.

Гэтэл Ерөнхийлөгчийн дэвшүүлж, УИХ-аар баталсан хүнсний хувьсгалын хөтөлбөр таван жилийн хугацаанд 1.8 их наяд төгрөг. Бид дотооддоо хүнсээ үйлдвэрлэх бололцоогоо Хөгжлийн банкаар алдчихсан байгаа юм. Бид үнийн өсөлт гэдэг зүйлтэй ойрын хугацаандаа “ноцолдох” байх. Гэхдээ алсдаа дотоодоосоо өндгөө, наранцэцгийн тосоо, улаанбуудайгаа 100 хувь хангачихдаг байх хэрэгтэй гэв.

Тэрээр УИХ-д орсноосоо хойш “Амьдралтай хууль гаргамаар байна” гэдгийг чуулганы танхимд байнга хэлдэг. Хууль хэрэгжүүлэх анхан шатны нэгжид ажиллаж байсан хүний хувьд хуулийн танилцуулгыг ч ард иргэддээ сайн ойлгуулж, тэдний санал хүсэлтийг онцлон тэмдэглэж авдаг билээ.

ШИНЭ МЭДЭЭ