МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Паркийн талаар баримтлах төрийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ
2022.07.07
Хууль, эрх зүй

Паркийн талаар баримтлах төрийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ

УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар "Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай" хууль батлагдлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тус хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж Улсын Их Хурлаар батлууллаа. 

Улсын Их Хурлаас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталсан. Хууль хэрэгжиж эхлээд 13 жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байсан юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар 7 паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна. Энэ нь хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бүрдээгүй, паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэж чадаагүй, паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгохоор хуульчилсан нь хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлах, болгоомжлол төрүүлэх, хөрөнгө оруулалтыг удаашруулах шалтгаан болсонтой холбоотой. Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон юм.

Хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулна.  Паркийн талаар баримтлах төрийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчит парк болон бусад парк гэсэн төрөлтэй байхаар төсөлд тусгалаа.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсанаар паркийн үйл ажиллагааг удирдан зохицуулах асуудал нэгдсэн бодлого төлөвлөлттэй болж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ