http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.26
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Олон салбарыг нэгтгэсэн агентлагууд дэд дарга, орлогчтой байх шаардлага үүсдэг

УИХ-ын  Хууль зүйн байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Төсвийн мөнгийг төр хэмнэлттэй, үр ашигтй зарцуулах ёстой. Төрийн байгууллага орлогч юм уу дэд даргатай байх асуудал нь практик шаардлагаас бий болж гарч ирсэн зүйл. Агентлагийн дарга томилолтоор олон хоногийн хугацаатай явахаас гадна өвчтэй, чөлөөтэй, амралттай байх гэх мэт бусад олон асуудлууд үүсдэг. Үүнийг орлох практик шаардлага байгаа учраас орлогч, дэд дарга байх шаардлага үүсдэг.

Мөн олон салбарыг нэгтгэсэн агентлагууд байдаг. Жишээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар гэхэд л Засгийн газрын 3 яаманд байсан чиг үүргүүдийг нэгтгэж, 3 салбарыг нэгтгээд нэг ерөнхий газар болгосон. Энэ мэт олон чиг үүргүүдийг нэгтгэсэн байгууллагууд дэд даргатай байхгүй бол болохгүй. Засгийн газрын өмнө гарсан журам бий. 100-аас доош хүнтэй агентлаг дэд даргагүй, 100-аас дээш буюу үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэг дэд даргатай байхаар заасан.

Яагаад дэд даргын асуудал яригдах болсон бэ гэхээр тодорхой хүнд зориулж албан тушаал бий болгосоор байгаад агентлагууд 3-4 дэд даргатай болсон. Компаниудын хувьд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК гэхэд л хуучин 1 орлогчтой байсан бол одоо 7 орлогчтой болсон байна. Аймгийн Засаг дарга нар 2 орлогчтой болсон гэх мэт асуудлаас болж энэ асуудлыг шийдье гэж байгаа нь зөв боловч эргээд төрийн байгууллагын үйлчилгээ хэвийн явагдах нөхцлийг хангах байдлыг алдагдуулах гээд байна. Тиймээс дэд даргын асуудал нь Засгийн газрын журам гараад хэрэгжихгүй байсан бол хуульчилбал хэрэгжинэ гэж бодож байна.  

Нөгөөтэйгүүр төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй байгууллагууд байдаг. Эдгээр байгууллагууд Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бие даасан хуулиа гаргасан учраас энд хөндөгдөхгүй. Энэ хуулиа хараахан хийж амжаагүй байгууллагууд бий. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар гэх мэт байгууллагууд хуулиараа дэд даргатай холбоотой асуудлуудаа зохицуулаагүй учраас хэлмэгдээд, дэд даргагүй болж үлдэх гээд байна. Тиймээс энэ мэт асуудлуудыг авч үзэх хэрэгтэй.

Мөн дэд даргын хэмнэлт гээд үзэхээр төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын дэд дарга нарыг хасахаар нийт хэдэн дэд дарга чөлөөлөгдөж, хэдэн төгрөгний хэмнэлт гарч байгааг асуумаар байна.

Нөгөөтэйгүүр төсвөө батлаад гуравхан сарын дараа төсвийн тодотгол хийж байгаа нь зохимжгүй юм. Бид Төсвийн тогтвортой байдлын хуулиа баримтлаад, эхний 3 улирлын тайлан, балансаа харгалзан үзэж төсвийн тодотголоо хийх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ