http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2022.04.21
Эдийн засаг, Худалдаа

2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, хөрш орнуудад эрчимжиж буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд энэхүү эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байсныг онцлон тэмдэглэсэн.

Энэ удаагийн төсвийн тодотгол дөрвөн онцлогтой аж.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байна. Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд тус бүрдээ салбар хуулиудаар, журам, дүрмээр хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар оролдож байсан боловч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодит үнэн гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгосон.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох, Нийслэлийн Засаг дарга 2 хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч даргатай байхыг хориглох, хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох зэрэг асуудлыг зохицуулна. Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана хэмээн танилцуулгад дурдсан байв.

Мөн төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргах, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хуульчлан хориглохын зэрэгцээ гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа, энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, соёлын төв 7, спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгасныг тодотгоод эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана. Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ гэдгийг мэдэгдлээ.

Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих байдлаар дараах арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа. Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох, хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох, дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх, дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтсан гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн тэрбээр, УИХ-аар батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр, олон улсын зах зээл дээр огцом өсч буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэх зэрэг багц арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай зардлыг тусгасан. Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.долларыг Засгийн газар болон мөнгөний бодлогын хүрээнд зохицуулахаар төсвийн тодотголд тусгагдсан гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомстлоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж байлаа.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно гэдгийг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа тодотгов.

Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтлахаа мэдэгдээд жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

Энэ удаагийн төсвийн тодотгол бол нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглээд жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа хүн амын эрэлт хэрэгцээг Улаанбаатар хотын орон зай, ажлын байр, цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн бодит хүртээмж хангах чадамжгүй болсны бодит илрэл нь Та бидний тулгамдсан асуудал болоод буй Улаанбаатар хотын хэт төвлөрөл, нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хомстлын асуудал гэдгийг тодотгосон.

Тэрбээр танилцуулгадаа, залуучуудын жагсаал цуглааны үеэр тавьсан гол шаардлагуудын нэг нь ч цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байсныг дурдаад хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээг энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах, 2 настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг үзүүлж хувьсах зардлыг олгох, улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж олгох, хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах, хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээлийг олгох зэрэг арга хэмжээг авахаар болсныг танилцуулав.

Харин Засгийн газрын бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасныг мэдэгдлээ.

2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх, орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх, уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах, уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор 5 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлэх, уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татварт ногдох орлогоос 1 удаа хасч татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан.

Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүд болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Ц.Туваан, Ё.Баатарбилэг, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Идэрбат, Ч.Хүрэлбаатар, Х.Баделхан, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Ж.Батжаргал, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, Н.Энхболд, Д.Ганбат, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс төсвийн тодотголын талаарх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах болсонтой холбогдуулан төлбөрийн тэнцэл сайжрах, эсэх Засгийн газраас 2022 онд хийх зээлийн эргэн төлөлтийн хэмжээний талаар лавлав. Мөн төрийн үйлчилгээний 20 гаруй мянган хүмүүсийн цалин буурсан асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, төсвийн хэмнэлт болон батлагдсан төсөв, энэхүү тодотголын хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авах төсвийн тусламж, бусад зээлийн хүрээнд нийтдээ 400 сая ам.доллараар төлбөрийн тэнцэл сайжирна гэж үзэж байгааг онцолсон. Мөн тэрбээр, сүүлийн 32 жилийн хугацаанд 2020-2024 он нь Засгийн газрын зүгээс зээлийн эргэн төлөлтийн зохиуцуулалт буюу хамгийн өндөр төлбөр хийх ачаалалтай үе нь байгаа. Засгийн газрын зээлийг доллароор тооцвол 8.5 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүнээс 4.7 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг энэхүү дөрвөн жилийн хугацаанд хийнэ. Гэсэн хэдий ч Засгийн газар зээлийн зохицуулалтыг маш амжилттай хийж байна. Энэ жилийн хувьд нийтдээ 1 тэрбум 138 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх байсан ч бид 1 тэрбум ам.долларыг нь урьдчилан хийж, ачааллыг бууруулж чадсан. Одоо “Чингис” бондоос үлдсэн 138 сая ам.долларын эргэн төлөлтийг төсвөөс хийгээд энэ жилийн өр төлбөрүүд тэглэгдэнэ гэж байлаа.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариултдаа, төрийн үйлчилгээний 20 орчим мянган ажилчдын цалингийн асуудлын гол ачаалал нь манай салбар дээр байгаа. Цалингийн сан нь салбарын сайдын багц дээр 150 тэрбум төгрөгөөр батлагдсан байдаг. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлснээр орон нутаг руу дээрх асуудалтай холбоотой чиг үүрэг нь шилжсэн гэдгийг онцлов. Тэрбээр, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд бага зэргийн хүндрэл гарсан тул төсвийн тодотголын хүрээнд хийх хамгийн том ажил нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн орон нутаг руу шилжүүлсэн чиг үүргийг засаж залруулан буцаад боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт нь холбогдох асуудлыг шилжүүлсэн гэв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Т.Доржханд, Б.Баярсайхан, Ч.Хүрэлбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн үйлчлэх хугацааг тодорхой болгохыг онцлоод татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд анхаарах, ялангуяа электрон тамхинаас онцгой албан татвар авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэх асуудлын цаана энэ салбарт ажиллаж байгаа олон хүний эрх ашгийг хохироох тул хасаж болохгүйг онцлоод өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний татан авалтад шинэ гарц нээх, агаарын тээврийн үйлчилгээг сайжруулах асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг төсвийн тодотголын төсөлд орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан асуудалд тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх зохицуулалтыг хэлэлцүүлгийн явцад нэмэх саналтай байв.

Дараа нь Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан төсвийн төсөл нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх талаар хянахад, Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2022 онд 60.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын холбогдох зохицуулалтад нийцэж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх талаар хянахад, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувь, нийт зарлагын хэмжээг 17.9 их наяд төгрөг буюу 38.4 хувь, төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2,387.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай, нийт зарлагын өсөлт 13.7 хувь байгаа нь сүүлийн 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дундаж 17.8 хувиас бага байна. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь нь 60.7 хувь байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор дүгнэлтдээ дурдав.

Түүнчлэн тэрбээр, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн эсэх талаар хянахад, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг 6 бүлэг, 23 зорилгын хүрээнд 300 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 11,195.9 тэрбум төгрөгийн улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр баталсан. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2 , 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын дагуу Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулан шинэчлэн батлах шаардлагатай байна гэж байлаа.

Ингээд төсвийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Дараа нь Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

ШИНЭ МЭДЭЭ