http 71
УИХ-ын гишүүн П.Анужин ОУ-ын энэрлийн байгууллагатай хамтран СХД-ийн Эрүүл мэндийн төвд 22.9 сая төгрөгийн тусламж үзүүлэв
2021.07.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн П.Анужин ОУ-ын энэрлийн байгууллагатай хамтран СХД-ийн Эрүүл мэндийн төвд 22.9 сая төгрөгийн тусламж үзүүлэв

УИХ-ын гишүүн П.Анужингийн тавьсан хүсэлтийн дагуу "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 22.9 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тодруулбал, нийт 320,000 хүн оршин суудаг нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг цар тахал гарснаас хойш хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээнд асуудал тулгараад буй.
Иймд тус дүүргийн 28 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагад туслалцаа үзүүлэх хүсэлт тавьж, ийнхүү 22.9 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлаж байгаа юм.


"УЛС ОРШИН ТОГТНОХЫН ҮНДЭС БОЛСОН ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА”

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Юуны өмнө бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагад талархаж байгаагаа илэрхийлье.

Тавьсан хүсэлтийг маань судалж, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хангамж хүрэлцээ муу байгаа эм тариа, хүчил төрөгч өтгөрүүлэгч, хөнжил гудас, цагаан хэрэглэл, халдвар хамгааллын хэрэгсэл гээд нэн яаралтай зүйлсийг хандивлаж буйд баярлалаа!

Өнөөдөр дэлхий нийт цар тахлын эсрэг тэмцэж, улс орон бүр дор бүрнээ тултлаа хичээж байгаа энэ хүнд үед өөрсдийн сайхан сэтгэлийн хандив тусламжийг өөр орны хүмүүст илүүчилж тусална гэдэг нь хүмүүнлэгийн маш том үйлс, сайхан сэтгэлийн илэрхийлэл юм.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт нөхцөл байдал амаргүй байна.

Тухайлбал, ганцхан сарын өмнө биеийн байдал нь маш хүнд иргэн эмнэлэгт хэвтэхэд 550 хүний дараа хэвтэхээр оочер дараалал үүссэн байсан.

Амаргүй хүнд нөхцөлд Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд нойр хоолоо умартан ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө тасралтгүй ажиллаж байна. Ийнхүү зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэл, хүч нэмэрлэж, тусламж үзүүлж байгаа "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагын хамт олонд дахин талархал илэрхийлье" гэлээ.

Мөн тэрбээр "Миний хувьд, сонгогдсон цагаасаа монгол хүний эрүүл мэндийн үндсэн суурь болсон хоол хүнс, ундны усны асуудал тэр дундаа сургуулийн хүүхдийн хоол хүнсэнд шим тэжээлийг хангуулах тухай, мөн төрөх эмнэлэгүүдийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх асуудалд анхаарлаа хандуулан, дээрх асуудлуудтай холбоотой ажлын хэсгүүдийг УИХ-д ахлан ажиллаж байна" гэв.

Тэрбээр, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны төрөх эхчүүдийг хамран үйлчилдэг, 1959 онд баригдсан цагаасаа хойш нэг ч бүрэн засвар хийгдээгүй нийслэлийн Хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газрыг шинэчлэн барих ажлыг санаачлан шийдвэрлүүлсэн.

Мөн УИХ-аас байгуулагдсан ЭМДС-ын 2021 оны төсвийн тухай, ЭМД-ын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэгт томилогдон ажиллаж байна.

"ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД СҮҮЛИЙН ДОЛООН САР АМРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА"

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Цар тахал гарснаас хойш манай эрүүл мэндийн төв нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үндсэн тусламж үйлчилгээ, COVID-19-ийн тусламж үйлчилгээ гэсэн гурван чиглэлд эрүүл мэндийн тусламжийг үзүүлж буй.

Шинээр халдвар авах хүмүүсийн тоо ихсэхийн хэрээр нөхцөл байдал хүндэрч, орны ачаалал нэмэгдэж, жирэмсэн эмэгтэйчүүдийг ч авах газаргүй болж байсан удаатай. Тиймээс манай эмнэлэг жирэмсний ор нэмэлтээр дэлгэж, нийтдээ 400 орчим жирэмсэн эмэгтэйг эмчлээд байна.

Гэсэн ч одоо орны хүрэлцээ дутагдалтай байгаа. Нэгдсэн эмнэлгүүдэд ор дэлгэхэд зориулж өгсөн зарим ор хөнжлийг буцааж авах боломжгүй зэргээс эхлээд олон асуудал тулгамдсан тул бидний зүгээс УИХ-ын гишүүн П.Анужинд хүсэлт хүргүүлсэн юм.

Энэхүү дэмжлэг туслалцааг үзүүлж буй "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллага болон УИХ-ын гишүүн П.Анужинд талархлаа илэрхийлье.

Эмч, эмнэлгийн ажилтнууд сүүлийн долоон сар огт амралтгүй ажиллаж, цар тахлын эсрэг тэмцэж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсийн өмнө тулгарсан асуудлуудад санаа тавьж, ийнхүү шийдсээр байвал эмнэлгийн ажилчид бид улам урам зоригтой ажиллах болно. Маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хэллээ.

"ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨН БҮГД НЭГ ГЭР БҮЛ ГЭДГИЙГ САНУУЛЪЯ"

"Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагын Азийн бүсийн хуульч Кен Барров “Манай байгууллага эргэн тойрныхоо хүмүүсийг сэтгэл санаагаар болон бусад зүйлсээр байнга дэмжиж туслах зарчмыг баримтлан ажилладаг.

Тиймээс ч өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилчдын цар тахлын эсрэг тэмцэх үйлсэд багахан ч болов тусламж, дэмжлэг үзүүлж байгаадаа туйлын их баяртай байна.

Энэ мөчид би, дэлхийн хүн төрөлхтөн бүгд нэг гэр бүл гэдгийг сануулахыг хүсэж байна” гэсэн юм.

"САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮСИЙН ХАНДИВЫН ХҮЧЭЭР ЭНЭ ТӨСЛИЙГ ХИЙХ БОЛОМЖ БҮРДСЭН"

"Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Пүрэвжаргал “Сайхан сэтгэлт хүмүүсийн хандивын хүчээр олон төслийг хийх боломж бүрдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Цар тахал гарснаас хойш манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн салбарт 10 гаруй удаагийн төслөөр нийт 860 сая төгрөгийн хандивыг үзүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд, УИХ-ын гишүүн П.Анужингийн тавьсан саналын дагуу СХД-ийн Эрүүл мэндийн төвд нэн хэрэгтэй байгаа 22,950,000 төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг хандивлаж байна.

Цар тахлын хүнд үеийн эгэлгүй баатрууд бол эрүүл мэндийн ажилчид юм. Тэд нүр их хөдөлмөр, сайхан сэтгэлээрээ олон хүний амь насыг авран, хамгаалж байгаа буй.

Нөгөө талд төрийн байгууллагын ажилчдыг ч бид мартаж болохгүй” гэсэн юм.

Тус байгууллагын зүгээс,

Түр эмнэлгүүдэд зориулсан зөөлөн эдлэл буюу гудас, хөнжил, цагаан хэрэглэл- 50 ширхэг
Эмнэлгийн ажилтны хамгаалалтын хувцас, хэрэгсэл-1,000 ширхэг
Хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат- 3 ширхэг
COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг Арбидол эм- 300 хайрцаг
Тус эмнэлэгт нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж гээд 22,950,000 төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ