Иргэдийг уриалж жагсах ёсзүйн эрх АН-ынханд байхгүй
2017.12.31
Улстөр

Иргэдийг уриалж жагсах ёсзүйн эрх АН-ынханд байхгүй

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн нөхцөл байдлыг АН өөрөө үүсгэсэн учраас ард түмнийг ингэж турхирах эрх байхгүй гэсэн байр суурьтай байсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АРД ТҮМНИЙГ УРИАЛЖ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЁСЗҮЙН ЭРХ АН-ЫНХАНД БАЙХГҮЙ

Өнөөдрийг хүртэл цөөнхийг дэмжих үедээ дэмжиж бас хамгаалж ирсэн. Энэ бол парламентын ардчилсан тогтолцоог хамгаалахын төлөө байсан. Гэхдээ өнөөдөр дэндэж байна.

Жагсаж цуглах бол Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын үндсэн эрх.

ГЭХДЭЭ АРД ТҮМНИЙГ УРИАЛЖ ЖАГСАХ ЁСЗҮЙН ЭРХТЭЙ ХҮМҮҮС БОЛ ТА НАР БИШ.

Эвдрэх дөхөж байгаа элсэн цаг чинь зогсох дөхөж байгааг ойлгож байна. Гэхдээ өнгөрсөн 25 жилд энэ бүх зүйлийг хийсэн та нар өнөөдөр ард иргэдийг ийм байдлаар, ийм олон гоё лоозонгоор уриалах ёсзүйн эрхтэй хүмүүс биш. Нийгэмд өнөөдөр гуравдахь хүчин үгүйлэгдэж байгааг ойлгож байна. Гэхдээ яав ч та нарын орон зай биш.

Их олон гоё лоозон тавьсан байна. Баялаг бүтээгчдийг дэмжье гэсэн байна. Та нар баялаг бүтээгчдийг дэмжсэн үү? 2012 онд эдийн засаг 17.5 хувьтай байсан ч 2016 онд 0 хувьтай болгоод, баялаг бүтээгчид бүгдээрээ хууль хяналтын өмнө өвдөг сөгдөж, бүгдээрээ шоронд орож байхад та нар хийхгүй яасан юм бэ?

Нийгмийн дундаж давхаргыг дэмжье гэж бичсэн байна. Чингис, Самурай бонд 1.5 сая долларыг гаргаад, үүнийгээ бүлэглэлийн зарчмаар хуваагаад, Хөгжлийн банкаар дамжуулаад, хувааж идсэн чинь дундаж давхаргыг дэмжиж байгаа бодлого байсан юм уу?

Шударга ёсыг тогтооё гэсэн байна. Та нарын үед Монгол Улсын хууль хяналтын байгууллага шатрын хүү мэт өмнө чинь өрөөстэй, түүгээрээ дамжуулж байлдаж тоглож байсныг чинь ард түмэн мартах болоогүй. Та нарын шаардаад байсан тэр асуудлыг чинь өнөөдөр хэлэлцэх гэж байхад чуулган дээр орж ирээд ийм увайгүй байдлаар улстөр хийх ёсзүйн эрх та нарт байхгүй.

Хаврын ээлжит чуулган өндөрлөх дөхөж байна. Энэ хугацаанд илүү ажил хэрэгч байх тал дээр та бүхнээс шаардах эрхтэй. Ард түмэн жагсах эрхтэй. Нийгэм хүнд байгааг ойлгож байна. Энэ нөхцөл байдалд хүргэсэн хүмүүс өнөөдөр ард иргэдийг буцааж, уриалж, авиргүй аашлах эрх байхгүй. Та бүхнийг ёсзүйтэй байхыг шаардаж байна. Хэлэлцэх асуудал руугаа шууд орох горимын саналтай байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: ШҮҮМЖИЛЖ БАЙСАН АСУУДЛЫГ НЬ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД АН-ЫНХАН УУРЛААД БАЙГАА ШАЛТГААНЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

ХХОАТ, тэтгэврийн настай холбоотой энэ чухал асуудлуудыг ингэж цаг алдалгүй шуухай оруулж ирж, хэлэлцэж байгаад талархалтай байна. Өргөдлийн байнгын хороонд татвар, тэтгэвэртэй холбоотой асуудлаар 6700-гаад хүний өргөдөл ирсэн. Иргэд өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байна.

Тогтвортой бай гэж ярьж байна. Бид богино хугацаанд арга хэмжээ аваад, энэ хугацаандааа эдийн засгаа өсгөөд, валютын нөөцөө тэрбум болгоод явж байна. Тиймээс эдийн засгийн үр өгөөж бага байгаа ч гэсэн иргэд рүүгээ хандуулъя. Зохицуулалт хийх жаахан ч гэсэн боломж гарлаа гэдэг үүднээс асуудалд хандаж байна. Үүн дээр яагаад Ардчилсан намынхан уурлаад байгааг ойлгохгүй байна. Хэлэлцэх асуудал руугаа шууд орох саналтай байна.

Ийнхүү УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нар хэлэлцэх асуудал руу шууд орох горимын санал гаргасан тул, санал хураасан. Хуралдаанд оролцогсдын 74.1 хувь нь уг саналыг дэмжсэн тул ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ