http 6
Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-нд шилжүүлэх нь зөв гэж үзэв
2017.11.09
Эдийн засаг, Худалдаа

Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-нд шилжүүлэх нь зөв гэж үзэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль болох Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар хэлэлцсэн.

Засгийн газраас 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Эрүүл мэндийн даатгалын санг ХНХЯ-наас ЭМЯ руу шилжүүлэхээр оруулж ирсэн юм. Сан бие даан ажилласнаар эрүүл мэндийн салбараас иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна гэж Сангийн сайд тайлбарлаж байсан юм. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нар эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгааг дэмжиж байгаа ч Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд хамааруулж байгаа нь тогтолцооны хувьд буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.  Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санг ХНХЯ-нд хэвээр үлдээх санал гаргасан.

Л.Энх-Амгалан: Энэ бол маш том ухралт. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд нь ахалж болно. Харин тэр бүтэц, санг нь Эрүүл мэндийн яамнаас тусдаа байлгах ёстой. 

С.Эрдэнэ: Эрүүл мэндийн даатгалын сан, даатгалын шимтгэл төлсөн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт үзүүлдэг сан болохоос яамны үйл ажиллагааг дэмжих сан биш. 

Уг санал НББСШУ-ны байнгын хорооноос дэмжлэг аваагүй. Улмаар Төсвийн байнгын хорооны гишүүдийн санал хураалтаар НББСШУ-ны дэмжээгүйг 71,4 хувьтай дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл Төсвийн байнгын хорооны ихэнхи гишүүд ЭМДС-г Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх нь зөв гэж үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ