http 6
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2016.12.06
Улстөр

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.12.06/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан танилцуулсан юм.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага, нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэн боловсруулжээ.

Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төслийг тусгасан бөгөөд 2016 онд 31, 2017 онд 131, 2018 онд 71, 2019 онд 24, 2020 онд 3 хуулийн төслийг боловсруулахаар заажээ. Мөн Улсын Их Хурлын тогтоолын 16 төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгасан байна.

260 хуулийн төслийн 239-ийг Засгийн газар, 17-г Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хуулийн төсөл тус тус санаачлахаар тусгасан бөгөөд боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны чиглэлээр 14, нийгмийн хамгааллын чиглэлээр 23, эрүүл мэндийн чиглэлээр 6 хуулийн төслийг боловсруулахаар төсөлд оруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан. Гишүүд, тогтоолын төслийг боловсруулахдаа ямар судалгаа хийсэн бэ хэмээн тодруулсан. Мөн 260 хуулийг хэлэлцэх асуудал яригдаж байна. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 600 гаруй хууль бий. Эндээс харахад нийт хуулийн гуравны нэгд өөрчлөлт оруулах гэж байгаа мэт харагдаж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ хэмээн лавлаж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хэлснээр, 260 хуулийн төслийг Үндсэн чиглэлд тусгахдаа тодорхой судалгаануудыг хийж, хууль санаачлагч субьектуудаас саналыг нь авчээ. Эдгээрийн 75 нь анхдагч хуулийн төсөл бөгөөд шинээр бий болсон харилцааг зохицуулахаар санаачлах юм байна. 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1 нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл юм байна.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болно хэмээн тэрбээр нэмж хэлсэн.

Гишүүд асууж тодруулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ