Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2024.04.12

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 01 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав.

Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.