Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлнэ
2024.02.19

Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга  С.Амарсайханаар ахлуулсан бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрсэн Дундговь аймагт ажиллаж байна.

Тус аймгийн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг,  Сайнцагаан сумдад төмөр буюу шилэн зудтай байгаа бол Сайхан-Овоо, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэлгэрцогт сумдад цагаан зудын нөхцөл бүрдэж, өвөлжилт хүндэрчээ. 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Тэгвэл Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан  тус аймагт ажиллах үеэр Улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэжээ.   

Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 суманд үхсэн малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжилж байв. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумын Эрүүл  мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. 

Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг  нийлүүлэхээр газар дээр нь шийдвэрлэлээ. Цаашид бусад сумдын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгийг Шадар сайд хэлсэн юм.

Зудын эрсдэлийн үед Засгийн газраас нэн түрүүнд малчдад өвс, тэжээлийг хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлэх, мөн эрүүл мэнд, нийгмийн халамж тусламжийн үйлчилгээг саадгүй хүргэх, түүнчлэн зам  харгуй гаргахад шаардлагатай түлш, шатахууны зардал болон туулах чадвар сайтай машин техник хэрэгслээр хангах  асуудлыг шийдвэрлээд буй