ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2024.02.01

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын сайд Хуай Жиньпөнтэй албан ёсны уулзалт хийлээ. Өнгөрсөн оны 4 дүгээр сард солилцсон нот бичгийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.

Энэ онд Хятад, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, иж бүрэн стратегийн түншлэл, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүний уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж, энэ хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг талууд онцоллоо.

Мөн Юнескогоос боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж буй онцлох 5 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн, Күнзийн 4 институт, 7 танхимын үйл ажиллагааг Хуай Жиньпөн сайд сайшаалаа.

Уулзалтаар:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр цөлжилтийн эсрэг чухал үйл ажиллагаа бөгөөд экологи, ногоон байгууламжийн чиглэлээр хүний нөөцийг мэргэжлийн болон дээд боловсролын салбарт бэлтгэх, энэ чиглэлээр 2+2, 3+1 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, дундын лаборатори байгуулах;
  • Хятад улсад 6600 гаруй Монгол оюутан залуус суралцаж байгаа бөгөөд 3 оюутан тутмын нэг нь Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгтэй суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, хэлний бэлтгэлийг суралцах хугацаа, тэтгэлэгт оруулах;
  • Ерөнхий боловсролын салбарт 5 жилийн богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 100 удирдах ажилтан, 100 багшийг менежмент, цахим ур чадварыг сайжруулах сургалт, үйл ажиллагаанд хамруулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
  • Бээжингийн их сургууль, Шандуны их сургууль, МУИС, ШУТИС зэрэг их дээд сургуулиудын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх. Дижитал боловсролын чиглэлээр тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг ярилцлаа. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр боловсролын баримт бичиг, боловсролын зэргийг талууд харилцан хүлээн зөвшөөрлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан