2023.10.18

Ж.Сүхбаатар: Мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэнийг хэрхэн тогтоож, ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Байнгын хорооны хуралдаан дээр зарим саналаа хэлчихсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой асуудал, бага насны хүүхдийг хүчирхийлэлтэй холбоотой асуудал гэхчлэн... Энд дурдагдаагүй нэг зүйл байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ нэмэгдээд байгаа юм биш үү. Энэ, хэрэглээ нэмэгдэж буй талаар хэвлэл, мэдээллийнхэн асуудлыг гаргаж тавиад байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод баригдсан хүн байна уу. Үлээлтээр бол гарахгүй байх. Тэгэхээр энэ улсуудыг осол гарсан үед нь барьж авах юм уу, яах юм. Ер нь чангатгах нь зөв л дөө. Замын хөдөлгөөний танхайрал Улаанбаатар хотод хавтгайрчихсан байгаа нь үнэн. Нийслэл хотод 704 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг. Зам дээрээ багтахгүй, тэгсэн хэр нь дүрэм журам аа мөрдөхгүй байдалтай байна. Тиймээс чанга үедээ чанга байх ёстой!

Түүний асуултад, Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хариулт өглөө

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх тухай асуудал сүүлийн 4-5 жил парламентын танхимд ил байдлаар яригдаагүй. Гэхдээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа үүн дээр хатуу арга хэмжээ авах шаардлагатай зохицуулалтын талаар хандаж байсан. Мөн Б.Энх-Амгалан гишүүн даргалаад энэ асуудлаар хаалттай мэдээлэл сонсож, холбогдох байгууллагад үүрэг өгч байсан. Би энэ асуудлыг ил ярьж, ард иргэдийг цочирдуулсан тоо баримт ярихаас татгалзаж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой асуудал үндэсний аюулгүй байдлын хүрээнд ноцтой хэмжээнд хүрч, сэтгэл түгшээж буй нь үнэн. Тиймээс энэ асуудалтай хоёр аргаар тэмцэнэ хэмээн бодож байна.

Нэгдүгээрт, эрүүгийн ял шийтгэлийн бодлого дээр уян, хатан байдлыг хангана. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн юмыг ашиг олох зорилгоор бус хийсэн, хэрэглэдэг донтой үйлдлийг гэмт хэрэгтэн гэж үзэх үү, өвчтөн гэж үзэх үү. Харин энэ төрлийн үйлдлийг ашиг олох зорилгоор, зохион байгуулалттай үйлдэж байгаа ял шийтгэлийн бодлогыг яах вэ гэдэг асуудал яригдана. Мөн энэ төрлийн гэмт хэргийн ялыг өндөрсгөх байдлаар бус гол нь нууц далд аргаар үйлдэгдэж байгаа учир, нууц далд аргаар илрүүлэх арга ажиллагаа, технологийн асуудал бас байна. Мөн дэд бүтэц буюу эмчлэх шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд, эмчлэх төвүүдийн асуудал яригдана. Үүнтэй холбогдуулан менежментийн асуудал давхар яригдана.

Үүнийг төр хийх ёсгүй. Тухайлбал, дэд бүтцийг төр байгуулна, менежментийг орчин үеийн загвар хэлбэрээр ажиллуулах шаардлагатай.