2023.10.12

С.Одонтуяа: Орон нутгийн өөрөө удирдах ёс алдагдсан. Дүүрэг, хороодын дарга нарын томилгоог намын дарга нар хийдэг байдлыг халах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Маш чухал хуулийн тухай ярьж байна. Үүнтэй холбогдуулан, тойргоор явж байхад иргэдээс маш олон санал ирж байна. Манай БГД найман сарын хугацаанд Засаг даргагүй явж ирлээ. Учир нь орон нутгийн өөрөө удирдах ёс алдагдсан байна. Хороон дарга нар 3-4 удаа солигдсон байна. Хороон дээр ажил мэддэг хүн байхгүй. Угтаа энэ хуулиар хорооны иргэд нь өөрсдөө хуралдаад дарга аа сонгодог. Одоогийн байдлаар дээрээс нь босоо удирдлагаар даргын томилгоог хийж, үүрэг гүйцэтгэгч гэх нэр өгөөд намын дарга нар нь томилгоо хийж байна. Үүрэг гүйцэтгэгч нар нь ажилдаа ирэхгүй. Дүүрэг, хороотой холбоотой иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэх боломжгүй, ажилдаа ирэхгүй гэхчлэн иргэдийг хохироож байгаа олон асуудлууд байна. Энэ нь манай БГД-ийн бүх хороон дээр үүссэн нөхцөл байдал.

Миний хувь БГД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Найман сар битгий хэл 8 хоног ажилдаа очихгүй байх нь том асуудал шүү дээ. Тиймээс орон нутгийн хууль дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй байна. “Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохолно” гэгч нь болох вий хэмээн айдаг болсон. Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж байх аа больчихсон байна. Сүүлдээ Засаг даргын шийдвэрлэдэг асуудал гэж байхгүй боллоо. Бүх тогтолцоо нь босоо болчихсон.

Өнөөдөр НИТХ хуралдах гэж буй. Орон нутгийн удирдлагыг бас л дээрээс нь томилдог байдлыг иргэд эсэргүүцэж байна. Орон нутгаас сонгогдсон төлөөлөгчид юу ч хийхгүй байж байгаад, сонгууль дөхөөд ирэхээр “бэлэг” тараадаг, баяр тэмдэглэдэг байдлыг тус хуулиар хориглох хэрэгтэй.