2023.06.27

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэнээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэнэ

Дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд ач холбогдол өгч байна. Манай улсын хувьд энэ асуудалд анхаарал хандуулан дэлхийн жишгээс хоцрох ёсгүй юм.

Иймд Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг  2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы зургаа дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь хэлэлцэгдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БСШУС-ын байнгын хороонд шилжүүллээ.

 Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар 

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эко системтэй уялдсан төрийн бодлогыг тогтворжуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэн импортыг орлох, экспорт чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг эрчимжүүлнэ. 
  • Төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх, туурвихтай холбогдолтой үе шат бүрд бүртгэл мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдол хэмжих боломж бүрдэнэ.
  • Төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник технологитой хослуулан хөгжүүлэх гадаад зах зээлд өрсөлдөх нөхцөл бий болгож ажлын байр нэмэгдэнэ. 

Улмаар үндэсний агуулгатай соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөлт, хүртээмж нэмэгдсэнээр аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих тогтвортой нөөц нөхцөл бий болохын зэрэгцээ үндэсний соёлын дархлаа бэхжих ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа.

Харин дээрх хуулийг хэлэлцэх явцад гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

11697 аж ахуйн нэгжийг бүхлээр нь хавтгайруулж хамруулсан нь буруу. Харин үүнээсээ шигшээд 10-20 байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж, дэлхийд өрсөлдөхүйц бүтээл гаргах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Бүтээлч үйлдвэрлэл гэдэг бүх салбарт яригддаг. Үүнээс соёлынх гэж онцгойлж авч байгаа бол цаашдаа бүх салбарт тухайн салбарын бүтээлч үйлдвэрлэл гэж явах юм уу?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Монголчуудад мөнгө олж болох салбар бол соёлын бүтээлч салбар юм. "The Hu"  хамтлагийг хар, дэлхийд яаж нэрээ гаргаж байна. Энэ салбарт зоригтой орохгүй бол манай улс социализмын үеийн соёлын үйлдвэрлэлээсээ хэтрэхгүй байна. 

Соёлын сайд Ч.Номин:

Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж хүний оюун санаа авьяас билиг дээр суурилж, үүнийгээ оюуны өмч техник технологитой уялдуулан үүсгэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг томьёолж байна. Олон улсад 1995 оноос хойш хөгжиж 2,2 их наядын том зах зээлийг эзэлж байна. Зарим улс орнуудад соёлын бүтээлч үйлдвэрлэлээс олсон орлого нь  дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлж байна.  Улмаар  дараагийн 10 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь хүртэл өсөх боломжтой. Тийм учраас манай улс олон улсын энэхүү  тогтолцоотой хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. 

Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэжээ. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд  оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг хүрч байгааг тогтоожээ. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn