Баянхонгор /ҮХНӨ/: Цалин хөлс нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндөв
2023.05.15

Баянхонгор /ҮХНӨ/: Цалин хөлс нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндөв

УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, төрийн албаны цалингийн шинэчлэлтийн талаар Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Төсвөөс цалинждаг нийт 225205 төрийн албан хаагч байна.

Эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод хүчин зүйлсээ тооцоод дээрх бүхнийг цогцоор нь харж төрийн албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, нэмэх асуудлыг шийдэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурал үзэж байгаа гэв.

Харин тус аймгийн төрийн албан хаагчид төрийн албаны шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар саналаа хэлж, асуулт асуусан.

Тухайлбал, төрийн албан хаагчид, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг баталсанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн цалин хөлсийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндсөн. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, УИХ авлигатай хийж буй тэмцэл төдийлөн үр дүнд хүрэхгүй, бие биеэ өмөөрч хариуцлага хүлээхгүй үлдэж байна хэмээн шүүмжилсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-аас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу УИХ-аас Түр хороод байгуулагдаж, Хөгжлийн банкны хэргийг сөхөж гаргасан юм. Үүнээс улбаалан жагсаал, цуглаан өрнөж, шат дараалсан нотлох баримтын 3 удаагийн сонсгол хийсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны холбогдогчдын шүүх хурал нээлттэй үргэлжилж байна.

Мөн “нүүрсний хулгайн” гэх хэргийг илрүүлэн УИХ-аас томилогдсон Түр хороо ажиллаж мөн л олон нийтэд энэ хэргийн талаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Үүний үр дүнд дахин ийм хэрэг гарахыг зогсоож, олон нийтийн хяналтад асуудлыг оруулж чадсан. Цаашид баялгийн олборолт, ашиглалт, экспортын асуудлыг төр, ард түмний хяналтад авах ёстой гэж үзсэн. Энэ хаврын чуулганаар авлигын эсрэг эрх зүйн хэд хэдэн өөрчлөлт хийнэ.

Тухайлбал, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай  хуулийг батална. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэх зэргээр ажиллана. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр албан тушаал, авлигын хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож, авлигын хэрэгт оноох  ялын бодлогыг чангалсан хэмээн хариуллаа.