20-дугаар сургуулийн багш нар Ти-боллын сургалтад хамрагдлаа
2023.04.27

20-дугаар сургуулийн багш нар Ти-боллын сургалтад хамрагдлаа

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Ти-боллын үндэсний холбоотой хамтран дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн багш нарыг Ти-болл спортын сургагч багш бэлтгэх сургалтад хамрууллаа.

Өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, Азийн бейсболын холбооны Дэд ерөнхийлөгч Каваучи Широтой уулзах үеэрээ Ти-болл спортыг Монгол Улсад хөгжүүлэх талаар ярилцсан.

Уг хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийнхээ Ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэгт Ти-боллын спортын дугуйлан хичээллүүлж эхлэх, багш дасгалжуулагчдыг бэлтгэх арга хэмжээг зохион байгуулж буй.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа сургалтыг нээж үг хэлэхдээ “Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхэд эцэг эхчүүдийн хамтдаа цагийг өнгөрүүлэх, хамтдаа сурч хөгжих боломжийг бүрдүүлэх, боловсролын салбарыг дэмжих, багш, сурагчийн хөгжилд ахиц дэвшил авчрах санал санаачилгуудыг дэвшүүлж, мөн дэмжиж ажилладаг” гэдгээ онцоллоо.

Мөн “Монголд Ти-боллын спортыг хүүхэд наснаас нь зааж сургаж, ур чадвар эзэмшүүлснээр ойрын ирээдүйд тив, дэлхийн аварга төрөх нь эргэлзээгүй. Үүнд манай Баянгол дүүргийн хүүхэд залуус түүчээ болж манлайлна гэдэгт итгэж байна. Ти-болл бол багийн спорт. Хүүхдүүд багаасаа хувийн амжилтаас илүү багийн амжилтад суурилж, хамтын шийдвэр гаргаж, хамтдаа хөгжиж, хамтдаа сурна гэдэг ирээдүйн ажил амьдралд нь ч маш чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй юм” гэв.

Ти-болл нь софтбол болон бэйсболын суурь  спорт. Энэ спортоор хичээллэснээр:

  • Мэндлэх хүндлэх ёсонд сурах, биеийн өсөлт хөгжилтийг зөв хөгжүүлэх
  • Хүүхдийн баруун тархи илүү хөгжих
  • Багаар ажиллах чадварт суралцахаас гадна бие биеэ ойлгох, өөрийгөө ойлгох
  • Орон зайн баримжаатай болох
  • Бие даан суралцах чадвар нэмэгдэх
  • Өрсөлдөөнөөс ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг маш олон давуу талтай юм.