Чех Улс монгол оюутнуудын Европын холбооны орнуудад суралцах үүд хаалга болно
2023.04.18

Чех Улс монгол оюутнуудын Европын холбооны орнуудад суралцах үүд хаалга болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит оюутан, залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр Монгол Улсын БШУЯ, Чех улсын Боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлалын яам хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол БШУЯ-нд боллоо.

 

Тодруулбал, манай улсад айлчилж буй Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер, Монгол Улсын талаас БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр нар санамж бичигт гарын үсэг зурав. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр 60 хүртэл оюутанг хамруулан суралцуулахаар болж байна. БНЧУ-ын их, дээд сургуульд технологи, хөдөө аж ахуй, биотехнологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургах юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс болон  Австралийн Холбооны Улсын их, дээд сургуульд тэтгэлгийн эздийг суралцуулах хамтын ажиллагааг эхлүүлжээ.


Монгол Улсын БШУЯ, Чех улсын Боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлалын яам хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопил нар оролцлоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэлэхдээ, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Европт суралцах монгол оюутны тоо нэмэгдэж байна. Тэтгэлгээр суралцах оюутнуудыг Монголд болон Чех улсад бэлтгэхэд тус улстай хамтран ажиллахаар боллоо. Энэ нь оюутан, залуучуудыг сургахаас гадна хоёр орны уламжлалт харилцааг өргөжүүлэхэд чухал үйл явдал юм" хэмээн онцлов.

 

Тэрбээр, Чех улс нь Европын холбооны гишүүн орны хувьд монгол оюутнууд Европын холбооны орнуудад суралцах үүд хаалга болно хэмээн үзэж байна. Монгол залуучууд Чех болон Европын орнуудад инженер техник, биоинженер, хүнсний технологи, экологи, “ногоон хөгжил”-ийн чиглэлээр суралцах бөгөөд одоогоор Европын их, дээд сургуулиудтай суралцагчдын квотын асуудлаар ярилцаж байна" гэв.