2023.04.13

Ц.Сэргэлэн: Төрийн албанд архидан согтуурдаг асуудлыг эгнэгт халж, хуульчлах ёстой

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Энэ хуулийг дэмжиж буй. Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, чангатгах хамгийн том агуулгуудыг суулгаж өгсөн хууль. Төрийн албаны одоогийн мөрдөж буй хуулиар төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг маш тодорхой заасан. Энэ үндэслэлүүд дотор заахдаа тодорхой хугацаанд төрийн албанд эргэж орох боломжгүйгээр халдаг. Нэг жил, хоёр жил, гурван жилийн хугацаанд гэх мэтээр. Мөн төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөх заалтууд бий. Энэ нь сахилгын чухал шийтгэл бөгөөд төрийн албан хаагчийг алдаагаа ухамсарлах боломжийг олгосон төрлүүд Төрийн албаны тухай хуульд тусгагдсан.

Сахилгын заалтуудтай уялдаж ёс зүйн асуудлыг ярих шаардлагатай. Төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурах, мансуурах төрлийн ямар нэгэн үйлдэл гаргахыг хуулиар хориглосон. Уг хориглосон үйлдлийг төрийн албан хаагч гаргавал яах вэ гэдэг асуудал хуулиар шийдэгдээгүй. Тиймээс ёс зүйн асуудалд сахилгын шийтгэл хүлээлгэдэг байх хэрэгтэй. Хэрвээ төрийн албан хаагч алба үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурвал тодорхой хэмжээнд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлөх эсвэл нэг мөсөн чөлөөлдөг хоёр хувилбарыг энэхүү хуульд тусгах шаардлагатай.

Төрийн байгууллагууд өөрсдийн гэсэн хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Үүнийгээ дагаад өөрсдийн гэсэн онцлогтой. Төрийн албан хаагчдын сахилга, ёс зүйн дүрэм гэх мэтийг гаргах ёстой. Олон эрх зүйн баримт бичгүүдэд төрийн албанд архийг эгнэгт халах асуудлыг оруулах шийдэх хэрэгтэй.

Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.