Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана
2023.04.04

Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд эрчимжсэн аж ахуйг кластер байдлаар төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж заасан байдаг.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түмэн шувуут” ХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Түмэн шувуут” ХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ж.Болд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр талууд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хот орчмын мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд өндөр ашиг шимтэй, түргэн өсөлттэй эрчимжсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах аж.

Мөн Санамж бичигт “Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлан таниулах зорилгоор жилд 9000 сурагчийг хүлээн авч, танилцах аялал зохион байгуулах хүчин чадал бүхий Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төв байгуулна гэж тусгажээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залууст экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

“Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр “Эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачдын олон жилийн судалгаагаар хот орчмын бэлчээр ихээр талхлагдсан дүн гарсан. Бэлчээрийн зохисгүй ашиглалтаас үүдэн лууль, шарилж зэрэг харшил үүсгэгч ургамлууд ихээр ургах болсон. Тиймээс бэлчээрийг зохистой ашиглаж, хүнд хэрэгтэй зөв ургамлын бүрэлдэхүүнийг бий болгон, бэлчээрийн бүсийг хамгаалах шаардлага үүсээд байна. Мөн хотын хүүхэд, залууст мал аж ахуйн соёлыг ойлгуулах танилцах аялал байдаггүй. Тиймээс хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, мал аж ахуй, малчдын амьдралыг таниулах чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллана. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутнуудад дадлага хийх боломжийг нь бүрдүүлнэ” хэмээсэн юм.

Санамж бичгийн хүрээнд хот орчмын доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж, харшилд гол нөлөө үзүүлж буй лууль, шарилжийн бэлчээрт эзлэх хувь хэмжээг бууруулах технологийг боловсруулан, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.