2023.03.20

Хувийн аж ахуйн нэгжийн төлж буй НДШ хэт өндөр болж, үйл ажиллагаа явуулахад дарамттай боллоо

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Алтанбулаг суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Сумын сургуульд 460 сурагч суралцдаг ба нийт 20 бүлэг, 51 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн доторх бие засах газар нь бохир соруулах асуудлаас болоод шийдэгдээгүй, хашаандаа худагтай ч цэвэр усны асуудлаа бүрэн шийдээгүй зэрэг асуудлууд байна. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ миний бие санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сурагчийн стандарт ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг сургуульд хүлээлгэн өгч, сургуулийн удирдлага, багш ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Алтанбулаг суманд нийт цэцэрлэгийн насны 250 хүүхэд байдаг ба одоо 152 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, явуулын цэцэрлэгт 65 хүүхэд хамрагдсан байна. Зундаа 2 гэр цэцэрлэг ажиллуулдаг гэнэ. Хүүхдийн хоолны 2475 төгрөг нь хүрэлцээ муутай байгаа талаар, дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа талаар багш удирдлагууд ярьж байв. Мөн цэцэрлэгийн багш өндөр ачаалалтай ажиллаж хоолойн хөвчийн асуудал нас ахихад тулгардаг байна. Иймд цэцэрлэгийн багшийн тэтгэвэрийн насыг бодолцож үзэхийг хүсч байв.

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж тоног төхөөрөмж, зөөврийн компьютерийг хүлээлгэн өгч, эмч ажиллагсдын саналыг сонслоо. Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн өргөтгөл шинээр барьж байгаа юм байна. Суманд ажиллах үеэрээ өндөр настан Натар, Должин, Ж.Өвгөн, Ц.Намжил гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаарх сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Туул голын бохирдол улам нэмэгдэж, бохирын үнэр нь маш их болсон. Үүнд анхаарч арга хэмжээ авах талаар, Хувийн аж ахуйн нэгжийн төлж буй НДШ хэт өндөр болж, үйл ажиллагаа явуулахад дарамт болж байгаа талаар, Бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж цалин орлого хүрэлцэхгүй байгаа талаар, Сургуулийн номын санчийн цалин хөлс нэмэгдэхгүй байгаа талаар санал хэлж байв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn