Нийслэлийн тэргүүний тариаланч, аварга фермерүүд тодорлоо
2023.02.16

Нийслэлийн тэргүүний тариаланч, аварга фермерүүд тодорлоо

НИТХ-ын тогтоолоор нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүд болох Тэргүүний тариаланч, тариаланч хамт олон, Аварга фермерийг шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. Шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг нар гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, дотоодын үйлдвэрлэлээр 19 гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсан. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, фермер эрхлэгчид, тариаланчид та бүхний үүрэг, оролцоо хамгаас чухал юм. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд өөрсдийн мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан, нийслэлийн хүн амыг эрүүл хүнсээр хангахад хувь нэмрээ оруулан, хөдөлмөрөө үнэлүүлж буй эрхэм фермер эрхлэгчид, тариаланчид та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Нийслэлийн Аварга фермерээр шалгарсан А.Бат-Эрдэнэ, Ш.Мөнх-Үржин нарын гэр бүл “Бид багаасаа мал малласан. Энэ жил хөдөлмөрөө үнэлүүлэн, шагнал гардан авсандаа туйлын их баяртай байна. Цаашид нийслэлчүүдийгээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилготой” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэргүүний тариаланч З.Эрдэнэчулуун “Би хүлэмжийн аж ахуй эрхлэн, нийслэлийн иргэдээ эрүүл хүнсээр хангаж эхлээд 13 жил болж байна. Бид 2-3 нэр төрлийн нарийн ногоо тарьдаг. Байцайнаас жилд 80 тонн гаруй, өргөст хэмхээс 33 тонн, бусад дайвар нарийн ногооноос тодорхой хэмжээгээр ургац хураан авдаг. Өнөөдөр тэргүүний тариаланчдын нэгээр шалгарсандаа сэтгэгдэл өндөр байна” гэлээ.

Нийслэлийн Тэргүүний тариаланч, тариаланч хамт олноор

  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч З.Эрдэнэчулуун
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч Т.Ламчин
  • Чингэлтэй дүүргийн 18 дүгээр хорооны тариаланч Ж.Нацагням
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны тариаланч хамт олон “Хос мөнхжин” ХХК

Нийслэлийн Аварга фермерээр

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер А.Бат-Эрдэнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны фермер Г.Чинболд
  • Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер П.Бат-Ирээдүй нар шалгарсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn