УИХ дахь Байгаль хамгаалал консервацийн бүлэг олон улсын экспертүүдтэй хамтран ажиллаж байна
2023.01.23

УИХ дахь Байгаль хамгаалал консервацийн бүлэг олон улсын экспертүүдтэй хамтран ажиллаж байна

Улсын Их Хурал дахь Байгаль Хамгаалал Консервацийн Бүлгийн гишүүд байгаль хамгааллын тулгамдсан асуудал болох “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр 1 дүгээр сарын 17-ны өдөр холбогдох байгууллага болон эрдэмтэн, судлаач нарын санал, дүгнэлтийг сонсож, зөвлөлдөв. Улсын хэмжээнд 2022 онд хүрээлэн байгаа орчны эсрэг 559 гэмт хэрэг бүртгэгдэн өмнөх оны мөн үеэс 42 буюу 7.0 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 52.0 хувьтай байсан ба хүнд даацын техник хэрэгсэл 47, алт угаах төхөөрөмж 31, хууль бусаар олборлосон 2.132 кг алт, чулуу 1,2 тонн, жонш 427 тонн тус тус хураан авч битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хууль бусаар хүнд машин механизмыг ашиглаж байгаа нь ой мод, гол горхид ихээхэн хохирол учруулж байна. Байгаль орчны чиглэлээр 20 гаруй улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “ICCF-Олон Улсын Байгаль Хамгаалах Сан”-тай “Байгаль Хамгаалал Консервацийн Бүлэг” өнгөрсөн оны 4-р сарын 24-ний өдөр санамж бичиг байгуулан ажиллаж байгаагийн хүрээнд хийгдэж буй нэг ажил болох манай орны байгаль хамгааллын тулгамдаж буй асуудлууд дээр сар бүр тогтмол холбогдох байгууллага, олон улсын болон дотоодын туршлагатай эрдэмтэн, судлаач нартай санал солилцох явдал юм. Өнгөрсөн сар “Бэлчээрийн менежмент, түүнийг сайжруулах арга замууд” сэдвээр холбогдох хүмүүстэй хамтарсан уулзалт хийж цаашид хэрхэн шийдэх арга замыг нарийн боловсруулахаар тогтсон байна. Ингэснээр судлаач нар болон хууль тогтоох байгууллагын уялдаа холбоог нэмэгдүүлэх, цаашлаад байгаль орчны тулгамдсан асуудлуудыг тэргүүлэх асуудал болгон эрэмбэлж, иргэдийн болон холбогдох байгууллагуудын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх арга замуудыг бодитой, шат дараатай гаргаж илрүүлэх боломж бүрдэнэ. Цаашид судалгаа шинжилгээн дээр үндэслэн холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, хяналтын тогтолцоог сайжруулснаар тулгамдаад буй асуудлыг шийдэх бодитой нөхцөл үүсэх юм.

Хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны чиглэлээрх улс төрийн манлайллыг бий болгох, байгаль орчны олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх замаар байгаль хамгаалах асуудалд Засгийн газрын тэргүүлэх үүргийг бэхжүүлэн ажиллахыг тусгасан байна. Энэ хүрээнд байгаль хамгаалах чиглэлийн олон улсын экспертүүдийг урьж манай орны ойн санд тулгамдаад буй ойн хөнөөлт шавжийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж зөвлөмж бэлтгэсний дагуу БОАЖЯ, Рио Тинто Монголиа-тай хамтран” Эрүүл Ой” төслийг эхлүүлсэн бөгөөд төсөл хэрэгжсэнээр хөнөөлт шавжийг багасгах, олон улсын жишигт нийцсэн аргуудыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхыг дээшлүүлэх боломжтой болж байна. Мөн “ICCF-Олон Улсын Байгаль Хамгаалах Сан”-гийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй дизайны баг Дархан цаазат Богдхан уулын Төрхурахын аманд олон улсын жишигт нийцсэн талбайн тохижилтын ажлын зургийг хийж гүйцэтгэжээ.

Мөн Байгаль Хамгаалал Консервацийн Бүлгийн урилгаар Майкрософт компанийн хамтран үүсгэн байгуулагч Пол Аллены санаачилсан гал түймрийн тархалт, хулгайн агнуур, хууль бус уул уурхай, цөлжилтийн хурд, модны хулгайг цаг алдалгүй сансраас болон бусад төхөөрөмжөөр зайнаас тандан, хянах боломжтой бодит цагийн өгөгдлийг нэгтгэсэн Earthranger програм хангамжийг манай оронд нутагшуулах ажил хийгдэж байгаа юм байна. Олон улсад технологийн тусламжтайгаар байгаль хамгааллыг дэмжсэнээр төсөв зардал хэмнэхээс гадна үр дүнтэй аргуудын нэгт тооцогдож байгааг мөн онцолжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn