Шатахууны үнийг тогтворжуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна
2023.01.19

Шатахууны үнийг тогтворжуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийн танилцуулгыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа.

Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ" гэж тус тус заасныг үндэслэн "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл 5 зүйлтэй бөгөөд 1,2 дугаар зүйлээр Монгол Улсын эдийн засаг, нийгэм, инфляцыг тодорхойлогч хэрэглээний сагсанд томоохон хувь эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн гаалийн албан татварын хувь хэмжээг 0-5 хувиар тогтоох эрхийг Засгийн газарт олгох, 3 дугаар зүйлээр газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 0-5 хувиар гэж хязгаар заасан байгааг 5 хувь гэж өөрчлөх, 4 дүгээр зүйлээр хууль дагаж мөрдөх хугацааг заасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлт, сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn