2023.01.12

Ц.Даваасүрэн: Хууль батлагдсаны дараа хэрэгжилтэд Монгол банк болон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Энэ хуулийн асуудал өмнө нь хөндөгдсөн. Ингэхдээ гадаадын улс орнуудын төрийн өмчийн компани хөрөнгө оруулж болохгүй гээд буцсан. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр орж ирж байна. Тэгэхээр хуульд гадаадын улс орнуудын төрийн өмчит компанийн этгээд хөрөнгө оруулалт хийх ямар ч бололцоогүй гэж би ойлгож байгаа.

Монголд гадаадын улс орон дамжсан томоохон банкны салбар байхгүйгийн шалтгаан юу гэвэл том хөрөнгө оруулалтуудыг дагаж банкууд орж ирдэг. Рио Тинто Оюутолгойг дагаж 2 том банк орж ирэх гэж байсан. Гэтэл бид гэрээ байгуулахдаа Оюутолгойн мөнгийг оруулж ирэхгүй байж болно гэж зөвшөөрчихсөн. Гадаадад хадгалж, зарцуулж болно гэсэн. Үүнээс болж гадны том банк орж ирэх хаалга хаагдчихсан.

Ер нь гадны том хөрөнгө оруулалтыг дагаж л орж ирнэ. Гэтэл Монголд улс орон дамжсан гадны том банкны хямд эх үүсвэр байхгүй. Энэ бол биднээс болсон. Бид өөрсдөө гадны том хөрөнгө оруулагчаа гадаадад мөнгөө байршуулахыг нь зөвшөөрөөд байгаа явдал.

Мөн анхаарах нэг зүйл бол үнэт цаас гаргана гэж яриад буй. Гадаадын зах зээлд үнэт цаас гаргаж босговол өр чинь Монгол улсын өрд л тооцогддог юм. Оюутолгойн өр Монгол улсын өрд тооцогдоод явж байгаа шүү дээ. 12 тэрбум доллар чинь. Энэ тал дээр цаашид нэлээн анхаарахгүй бол Хөгжлийн банк шиг асуудал үүсэх вий. Яагаад гэвэл эх үүсвэр татахдаа үнэт цаас гаргана гээд заачихсан. Энэ мэтийн зүйлд анхаарах шаардлагатай. Эхнээсээ зөв явах ёстой.

Энэ хууль гарсны дараа хэрэгжүүлэх тал дээр Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах ёстой шүү. Монгол банк хяналт сайн тавиагүй учраас Хөгжлийн банкны асуудал үүссэн.