Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардуулав
2022.12.23

Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардуулав

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзан, “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардууллаа. “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн энэ оны 9-11 дүгээр сард Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид өрсөлдcөн уг тэмцээнд Манай улс дөрөв дэх удаагаа оролцлоо. Энэ жилийн хувьд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд ур чадвараа уралдууллаа.

Монгол Улсын баг тамирчдаас Швейцарийн холбооны улсын Базел хотод болсон мужааны тэмцээний оролцогч Завхан аймгийн Политехник коллежийн суралцагч Г.Хатанбаатар дэлхийн олон орны оролцогчдын өмнө “Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчийн тангараг”-ийг эх хэлээрээ уншсан нь онцлог байлаа.

Мөн Австри улсад зохион байгуулагдсан “Өрөг угсралт” мэргэжлийн тэмцээнд Барилгын политехник коллежийн эксперт багш Л.Эрдэнэчулуун, суралцагч О.Наранбаатар нар дэлхийн стандартыг ханган 708 оноогоор "Medallion of Excellence" буюу "Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл" шагналыг хүртжээ.

Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчид болон тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэн ажилласан байгууллагуудад баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.