Газрын ерөнхий хуулийг шинэчилэн найруулна
2022.06.17

Газрын ерөнхий хуулийг шинэчилэн найруулна

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.06.17/ өргөн мэдүүллээ.

Газрын тухай хууль нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийт 7 бүлэг, 64 зүйлтэйгээр батлагдсанаас хойш бусад хуульд өөрчлөлт орсны улмаас Газрын тухай хуульд нийтдээ 32 удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал үүссэн аж.

Тиймээс хуулийн төслийн зорилтоос эхлээд өнөөдөр энэхүү салбарт хэрэгцээ нь үүсэж, шаардагдаж байгаа зохицуулалтуудыг хуулийн төсөлд шинэчлэн болон шинээр тусгасан байна.

Хуулийн төсөлд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийн асуудлыг нарийн зааглан ялгаж, нарийвчлан тодорхойлжээ.

Улсын Их Хурал нь төрөөс газрын талаар баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлдог учраас Засгийн газрын саналыг үндэслэн улсын хэмжээнд газрын харилцааны салбарт хийгдсэн ажлын явц, үр дүнг болон Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлдэг байх, шаардлагатай тохиолдолд хэсгээр буюу бүхэлд нь Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлж байхаар хуулийн төсөлд тусгаж, газрын талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтыг тодорхойлох, үүнд шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэхээр оруулжээ.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлийн төрлүүд, тэдгээр бүсчлэл дэх газар ашиглалтын зориулалт бүрд тавигдах дэглэм, зөвшөөрөгдөх газар ашиглалтын төрөл, эрхийн хэлбэрийг тодорхой болгох /ойн сан бүхий газарт зуслан гэх мэт суурьшил үүсэх, үндсэн ангиллын зориулалт, хэрэгцээнд нийцэхгүй дэд ангиллыг бий болгох /бичил уурхай г.м/ газрын төлөв байдал, чанарыг доройтуулах нөхцөлийг тодорхойлж хариуцлагыг хуульчлахаар тусгасан байна.

Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар тодорхойлж, төлөвлөлтийн дэс дараалсан үйл ажиллагааг тодорхой болгон хуульчлах, төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол хийх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж өгчээ.

Газар эзэмших эрхийг эд хөрөнгийн бие даасан эрх байхаар тодорхойлсон нь эдийн засгийн агуулгагүй, бие даан хэрэгжүүлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ практикт газар эзэмших эрх нь газар өмчлөх эрхээс төдийлөн ялгарахгүй байгаа юм. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдсон газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн 3 эрхийн төрлийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал болон олон улсад нийтлэг хэрэглэгдэж буй эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэн томьёолох зайлшгүй шаардлагатай байгаа тул хуульд заасан эрхийн зохицуулалтыг өөрчилсөн байна.

Иргэний эрх зүйн эдийн баялгийн эрх зүйн үндсэн зарчим болох хөрсөнд бэхлэгдсэн зүйл хөрсөндөө үлдэх зарчимд үл хамаарах тохиолдлуудыг туйлын тодорхой тусгах, үүний нэг нь шинээр баригдсан болон хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууц эзэмшигчдийн газрын эрхийн асуудлыг “Кондоминиум” /дундын мэдлийн газрын эрх/ хэмээх эд хөрөнгийн эрх болохыг анхаарч зохицуулах шаардлага нэгэнт тулгарсан байгааг харж хуулийн төсөлд нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

Газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалт, тэдгээр зориулалт бүрд тавигдах шалгуур үзүүлэлт, төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгож хуульчлахын зэрэгцээ улс, орон нутгийн тусгай болон нийтийн хэрэгцээг үндэслэн нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх, газар хамгаалах, нөхөн сэргээх, газрыг дүйцүүлэн хамгаалах болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой зарчмын тулгуур асуудлыг тусгасан байна.

Одоогийн мөрдөгдөж буй Газрын тухай хуульд гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төсөвт байгууллагад зайлшгүй эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгох газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр хуульчилсан боловч ямар тохиолдолд дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэхийг нарийвчлан зааж өгөөгүй тул энэ талаар нарийвчилсан оруулжээ.

Түүнчлэн газрын биржээр ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус байгаа тул хуулийн энэхүү заалт өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Иймд төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох, газрын дуудлага худалдааг зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, Монгол Улсын иргэн өмчилсөн газраа дуудлага худалдаагаар арилжихад зуучлах, иргэн, хуулийн этгээдийн газрын хязгаарлагдмал эрхийг дуудлага худалдаагаар арилжихад зуучлах зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх, газрын биржийн үйл ажиллагааны дүрэм, ажиллах журмыг Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 бүлэг 110 зүйлтэй боловсруулжээ.