Кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2022.11.25

Кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, ухаалаг засаглалыг бий болгох гол хөдөлгөгч хүчин зүйлийн нэг бол кадастр /кадастрын нэгдсэн систем/ болж байна. Иймд кадастрын үйл ажиллагааг нарийвчлан боловсронгуй болгох, гурав болон 4 хэмжээст кадастрын системийг бий болгох, олон улсын жишигт нийцүүлэн олон зориулалтат кадастрыг хөгжүүлэх, иргэн, хуулийн этгээдийг газрын харилцаатай холбоотой үйлчилгээгээр хүртээмжтэй хангах, газарт тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн дараах хэрэгцээ, шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

“Кадастр” гэдэг нь нэгж талбар, түүний дэд талбар, хил зааг, байршил, хаяг, тухайн нэгж талбартай холбоотой эрх, эрхийн хязгаарлалт, зураглал, үнэлгээ, татвар, төлбөр, шинж чанар, төлөв байдал, нөөц, нөөцийн чадавхийг агуулсан мэдээлэл бүхий олон зориулалтын бүртгэл, түүнийг эрхлэх цогц үйл ажиллагаа байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж, кадастрын дэс дараалсан үйл ажиллагааг хуульчилж тодорхой болгохоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын хэмжээний кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд суурилсан дундын мэдээллийн санг байгуулах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг газартай холбоотой мэдээллээр тухай бүр хангах, кадастрын зураглалын ажил болон хээрийн судалгааны ажлыг нэгдсэн системд оруулах, баталгаажсан кадастрын зургийн зохицуулалтын талаар тодорхой тусгасан байна. Мөн газрын маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, газрын кадастрын мэдээллийн сангийн хяналтын талаар шаардлагатай зохицуулалтууд болон мэдээллийн санд санаатай болон санаандгүй өөрчлөлт оруулсан, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд тооцох хариуцлагын арга хэмжээг тодорхой тусгаж өгчээ.

Газрын үнэлгээтэй холбоотой нэр томьёог бусад хууль тогтоомж, олон улсын стандарттай нийцүүлэх, газрын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, олон улсын жишигт нийцсэн, өөрийн орны онцлогт тохирсон газрын үнэлгээний тогтолцоог бий болгох боломжийг хуулийн төсөлд нэг бүлэг болгон оруулж, нөөцийн кадастр, эрхийн кадастр, санхүүгийн кадастрыг өөртөө агуулсан олон зориулалтат кадастрыг хөгжүүлэх зорилгын үүднээс эдгээр кадастрыг эрхлэх үйл ажиллагааг тус тусад нь бүлэг болгон нарийвчлан хуулийн төсөлд тусгасан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn