2023 оны төсөвт иргэдийн цалин, орлогыг 50%-иар нэмэгдүүлэх шаардлага тавьж байна
2022.10.05

2023 оны төсөвт иргэдийн цалин, орлогыг 50%-иар нэмэгдүүлэх шаардлага тавьж байна

Эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлтийн улмаас үйлдэрлэл, үйлчилгээ хумигдаж, үнийн хөөрөгдөл бий болсон.

Үүнтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн цалин, орлого худалдан авалтын чадамжид хүрэхгүй нөхцөл үүсээд байгаа билээ. Тиймээс МҮЭХ-оос 2023 оны улсын төсөвт “Цалин хөлс, орлогыг” нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Тодруулбал:

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550000 төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжихэд шаардах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх,
  • Банкны хэрэглээний зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах,
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжүүлэн олгох санхүүжилтийг улсын төсөвт тусгах,
  • Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдын цалинг 2023 онд тодорхой үе шаттайгаар 50%-иас доошгүй нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэх,
  • Тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу төсвийн байгууллагуудад ХАБЭА-н зардлыг тусгах,
  • Төрийн албаны ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаанаас үүдэлтэй боловсон хүчний хомсдолд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг тавилаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

“Цалин хөлсний хэлэлцээр”-ийг өнгөрсөн 4-дүгээр сард Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тавьсан. Цалин хөлсийг доод тал нь 20 хувиас доошгүй нэмэхгүй бол хүмүүсийн бодит орлого инфляциас доогуур түвшинд хүрээд байна. Нэн түрүүнд иргэдийн цалин, хөлсийг 50%-иас доошгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол улсад цалин, хөлс нийгмийн хамгааллын шинэ сэргэлтийн бодлого тодорхой байх ёстой гэдгийг бидний зүгээс шаардаж байгаа юм. Ард түмэн амлалтаа нэхэж байна" гэв.
Түүнчлэн улсын төсвийг УИХ-аар батлахдаа төсвийн хөрөнгө, оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг тогтворжуулах, үнийн өсөлтийг бууруулах, иргэдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны ҮЭХ-ны дарга О.Гантуяа:

МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ахлуулсан баг хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Тэнд төрийн албанд ажиллах хүнгүй болсон байна. Цалин бага, хүний нөөц хомс байгаа учраас нэг хүн 2-3 ажлыг давхар хийж байна. Гэвч хөдөлмөрийн тухай хуулинд заасан нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүй байгааг хэлж байв. Тиймээс иргэдийнхээ цалин, хөлс нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд бодитой арга хэмжээ авах шаардлагатай.

Дээрх санал, шаардлагуудыг улсын төсөвт тусгахгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ МҮЭХ онцоллоо.