
Б.Найдалаа: Ажилчдынхаа цалинг нэмэх тусам хохирдог бус хөнгөлөлтөд хамрагддаг татварын тогтолцоог бий болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Онгоцны түлш ОХУ-аас урт хугацаанд нийлүүлэх гэрээ улс төрийн шуугиантай сэдэв болж байна. Байнгын хороодын хуралдаанаар ч энэ асуудал гишүүдийн шүүмжлэлийг нэлээд авч байх шиг. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь онгоцны түлшийг аль болох тогтвортой хямд үнээр тасралтгүй нийлүүлэх нь чухал. Онгоцны түлшээ төдийгөөс өдийг хүртэл авч ирсэн ОХУ-тай өргөн хүрээнд хэлэлцээр байгуулахыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэвч ийм хэлэлцээр байгуулна гэдэг байдлаар бизнесийн нарийн заалт руу орсон, тогтвортой найдвартай мэт атлаа үнэ, нийлүүлэлт нь хямдрах эсэх нь тодорхой бус, эргээд Монголын талаас асар их үүрэг хүлээлцсэн ийм гэрээ орж ирснийг дэмжихгүй байна. Үүндээ бүр татвар болон Монгол Улсын газрын тосны бодлогыг хүртэл өөрчлөхгүй тогтворжуулах том том нөхцөлүүдтэй юм билээ. Ийм төсөл байгаа учраас миний хувьд дэмжих боломжгүй байгаа юм.
-Өөрөөр хэлбэл, ганц орноос хараат байх бодлого илүүтэй шингэсэн гэж ойлгож байна уу?
-Манайх руу онгоцны түлш нийлүүлдгээрээ нийлүүлж болно. Гэхдээ Монгол Улс хоёр хөрштэй нь үнэн боловч зөвхөн нэг газраас бус өөр орнуудаас түлш импортлох боломжийг уг гэрээгээр хааж, боож болохгүй л дээ. Энэ бодлого Монгол Улсын хувьд нээлттэй байх ёстой. Нөгөөтэйгүүр манай улс газрын тосны үйлдвэртэй болох асуудал дээрээ нэлээд анхаарал хандуулж явж байгаа. Хөрөнгө оруулалт, бодлогын хувьд асуудлыг шийдсэн гэж ойлгож байна. Энэ утгаараа газрын тосны үйлдвэр ирэх 2027-2028 онд ашиглалтад орчих болов уу гэж бодож байгаа. Тэр үед бид өөрсдөө онгоцны түлшээ гаргаж аваад нийлүүлье, ашиглая гэхээр энэхүү хэлэлэцээр саад болчих юм биш үү гэсэн агуулга харагдсан. Хамгийн ноцтой нь энэхүү гэрээг 20 жил буюу урт хугацаанд хийхээр байгаа юм.
Энэ хугацаанд бид дотоодынхоо газрын тосны үйлдвэрийг бүрэн ашиглах боломжгүй мэт болгочихож байгаа юм. Тиймээс 20 жилийн хугацаанд ийм хэлэлцээр хийх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон төрийн бодлого талдаа буруу гэж үзэж байна.
-Хугацааг тав, эсвэл 10 жил биш, бүр 20 жил гэж урт тавьж өгснийг та хувьдаа юу гэж ойлгож байна вэ?
-Урт хугацаанд тогтвор той хангана гэдэг бодлогынхоо хүрээнд л энэхүү хугацааг сонгосон юм болов уу. Хамгийн чухал нь хугацаанаас гадна Монгол Улс түлшээ хаанаас авдаг байх ёстой юм бэ гэдгийг заачихсан нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ганцхан газраас авдаг байдал нь өрсөлдөөнд зарчимтай нийцэхгүй байна гэсэн үг. Нөгөө талдаа бид түлш ч байна уу юу ч байна ганцхан эх үүсвэрээс авдаг бус өөр бусад орнуудаас болон дотоодоосоо авдаг болох хэрэгтэй байгаа юм. Энэ байдлаар нэг бүтээгдэхүүнийг нэг газраас урт хугацаанд авдаг болчихвол Монгол Улс өөрөө үйлдвэрлэх, бусдаас худалдан авах, үнийн өрсөлдөөн бий болгох боломжгүй болчихно.
-Манай улсын хувьд хоёр хөрштэй, далайд гарцгүй оршдог гэдэг утгаараа онцлогтой бүсэд ордог. Энэ талаас нь ойлговол Монгол Улсын гуравдагч хөрштэйгөө харилцах гол суваг бол агаарын тээвэр. гэтэл Монголын агаарын тээврийг хяналтандаа оруулах гэсэн ОХУ-ын бодлого явж байна гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Та уг асуудлыг энэ өнцгөөс нь харж байгаа юу?
-Агаарын тээвэр бол бидний хувьд онцгой чухал салбар гэдэгтэй санал нэг байна. Агаарын гарцаа бид хаашаа ч явсан чөлөөтэй, нээлттэй байлгах хэрэгтэй. Гарцаа нээлттэй байлгахын тулд бидэнд онгоцны түлш хэрэгтэй. Гол нь тэр түлшээ нэг эх үүсвэрээс буюу нэг орноос хараат байдлаар авдаг байх нь буруу бодлого гэж харж байгаа. Аль нэг газраас тогтвортой авах нь чухал биш. Харин аль нэг газрын нөлөөнд орохгүйгээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь тогтдог, өрсөлдөөн рүү бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээр нэг газраас авах боломж хязгаарлагдмал байдалд ороход өөр эх үүсвэрээс чөлөөтэй авчихдаг байх нь л хамгийн чухал юм. 20 жилийн турш онгоцны түлшээр тогтвортой хангах гэрээ гэж ярьж байгаа. Үнэндээ гэрээ хийснээрээ асуудал тогтвортой, найдвартай болчихно гэсэн зүйл огт байдаггүй. Аль нэг талд нь гэрээгээр хүлээсэн үүрэг нь таалагдахгүй бол хэн ч тэрхүү гэрээг цуцалж болно. Тэр цагт яах вэ гэдгээ л бодох нь чухал л даа.
-Урт хугацаанд ОХУ-аас онгоцныхоо түлшийг хангах нь дотоодын газрын тосны үйлдвэрийнхээ ашиглалтад яаж сөргөөр нөлөөлж болохыг Засгийн газраас та бүхэнд юу гэж тайлбарлаж байна вэ?
-Үүнд тодорхой хариулт өгөхгүй байгаа. Хэлэлцээр байгуулж болно. Хямдхан түлш авч болно. Хямд түлш гэдэг бол хямд тийз гэсэн үг. Энэ талаасаа уг асуудал чухал. Гэхдээ гэрээндээ нэг газраас л хангах асуудлыг тулгасан байдлаар тусгаж өгсөн нь л асуудал болж байна.
-Уг гэрээ, хэлэлцээрийг манай тал хүлээн авах боломжгүй байна гэдгээ ОХУ-ын Засгийн газарт илэрхийлбэл яах вэ. Оросын талаас ирэх дарамт, сөрөг нөлөөлөл нь юу байж болох вэ?
-Миний хувьд үүнийг Орос ч байна уу, Хятад ч байна уу. Аль нэг улсын бодлого гэж огт харахгүй байгаа. Харин эсрэгээрээ энэ бол бизнес. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд түлш нийлүүлэх бизнес гэж харж байгаа. Бизнес гэхээр хэн нэгэнд ашигтай байхыг л хэлнэ. Харин улсын бодлого ашиг гэхээс илүү харилцаа руу чиглэдэг. Үнэндээ ОХУ шиг ийм том гүрэн Монгол Улсын онгоцны түлшийг тогтвортой урт хугацаанд нийлүүлнэ үү, эсвэл тасална уу тэр бол асуудал биш. Асуудал биш гэдэг нь тус оронд уг хэлэлцээр эдийн засагт нь нөлөөлөх хэмжээний асуудал биш гэсэн үг. Энэ утгаараа Монгол Улсын хувьд уг асуудлыг томруулж ойлгох шаардлага үнэндээ байхгүй. Гол нь Монгол Улс аль нэг улсаас, эсвэл компаниас гэдэг нь хамаагүй. Нэг эх үүсвэрээс л урт хугацаанд авна гэдэг нь буруу. Түүнээс биш үүний цаана улс орны хэмжээний том бодлого байгаа гэж харахгүй байна.
-Уг гэрээ, хэлэлцээрийг гишүүд дэмжихгүй хандлагатай байсан. Гэхдээ Засгийн газар оруулж ирсэн учраас УИХ баталчихдаг ийм нэг жишиг тогтчихоод байгаа. Энэ жишгээрээ явах болов уу?
-Мэдэхгүй. Миний хувьд гэрээний нөхцөл, заалтуудыг харахад уг гэрээг дэмжихэд их хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Гишүүдийн хандлага ч ийм байсан. Дэмжихэд хэцүү. Нөгөөтэйгүүр уг асуудлыг Засгийн газар хоорондын түвшинд хэлэлцэх гэхээс илүү зүгээр бизнесийн харилцааны зохицуулалтаар л явчих мэт санагдсан. УИХ бол хууль баталдаг газар. Яагаад заавал уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэж.
-Татвартай холбоотой асуудал үнэхээр хурцдаж байна. Татвараас болж иргэд бухимдаж, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьж байгаа. УИХ-ын гишүүнийхээ хувьд уг асуудлыг яаж шийдэх ёстой гэж хардаг вэ?
-Монгол Улсад татварын дарамт их байна. Тэр дундаа НДШ болон НӨАТ-тай холбоотой дарамтууд их байгаа нь үнэн. НӨАТ-ын хувьд манай улсад зарим нь төлдөг, зарим нь төлдөггүй. Өөрөөр хэлбэл, жигд бус татвар гэж хардаг. Тэгсэн атлаа ижилхэн зах зээл дээр адилхан өрсөлдөж байгаа үед өртөгийн ялгаа гарчихаар уг асуудал шударга бус байдал руу орчихож байгаа юм. Шударга бус болчихоор л ямар ч зүйл асуудалтай болдог. Үүний нэг тод жишээ нь НӨАТ. Уг асуудалтай холбоотойгоор зарим гишүүд хууль санаачилж, гишүүдийн дэмжлэгийг хүсч байна лээ. Миний хувьд сүүлд уг асуудлаар дэмжиж гарын үсгээ зурсан. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээгээр биш, ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн түр хугацааны ажил дээр НӨАТ боддог байдлыг болиулъя гэж байна лээ. Үүнийг дэмжсэн. Ер нь ингэж НӨАТ бодуулах нь цалин бодуулж байгаа хүндээ ч тэр, байгууллагадаа ч тэр хүндрэлтэй. Зарим байгууллагуудад дарамт байгаа. Тэр нь өндөр цалинтай хүндээ өндөр НӨАТ төлдөг. Энэ нь тухайн байгууллагад асар их зардлын дарамт болж байдаг. Эдгээр асуудлыг болиулах, хөнгөлөх хуулийн төслүүдийг дэмжиж гарын үсгээ зурчихсан байгаа. Угтаа ажилчиндаа цалинг нь нэмчихье гэхээр тухайн байгууллага өөрөө эдийн засгийн хувьд хохирчихдог ийм татварын алдаатай тогтолцоо явж байгаа. Үүнийг өөрчлөх ёстой. Цалингаа нэмэх тусам байгууллагад ирэх татварын дарамтыг багасгадаг ийм хуулийн төсөл боловсруулагдах шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа цалинг нэмэх тусам хохирдог бус хөнгөлөлтөд хамрагддаг татварын тогтолцоог бий болгох, өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж татварын шударга тогтолцоо бий болно.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Э.Мөнхтүвшин