Засгийн газрын гишүүд “Буянт-Ухаа” нисэх буудлын ашиглалтын байдалтай танилцлаа
2022.09.13

Засгийн газрын гишүүд “Буянт-Ухаа” нисэх буудлын ашиглалтын байдалтай танилцлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар өнгөрсөн амралтын өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан салбарын хүний нөөцийн бодлого, агаарын хөлөг, агаарын тээвэрлэгчдийн болон нислэгийн чиглэлүүдийн талаар мэдээллээ. Мөн зорчигч тээвэр, өнгөрөлтийн нислэг болон хөөрөлт буултын мэдээлэл, 2022 оны төлөвлөгөөний биелэлт, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.

“Хил хязгааргүй нисэх 2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөө, улсын төсвөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар орон нутгийн нисэх буудлуудад хийж буй шинэчлэлийн талаар мэдээллээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглах талаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу тус нисэх буудал шаардлагатай тохиолдолд олон улсын болон орон нутгийн нислэгүүдийг хүлээн авах байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

“Буянт-Ухаа”-д Нисэхийн сургалтын төв үүд хаалгаа нээж, нисэхийн салбарын мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж, цаашид Цахим хөгжил, инновацийн төвийг нээхээр боллоо.

Ингэснээр “Буянт-Ухаа”-д Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн зарим байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэж, мэдээллийн технологийн чиглэлийн компаниуд ажиллаж эхлээд байна. Ингэснээр монгол инженерүүд ая тухтай орчинд ажиллах зэрэг боломжууд бий болох нөхцөл бүрдэж байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn