2022.08.15

0-3 насны хүүхдээ харж буй аавууд тэтгэмж авч эхлэв

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжийг эцэг авах эрхтэй болсон юм.

Мөн 4 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсвэл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй. Хүүхдээ асарсны тэтгэмж авч байсан эх, эсвэл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилдаа орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, юм уу, эцэгт олгохоор тус хуулиар зохицуулсан. Эл хууль 2021 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Мөн энэ хуульд заасны дагуу гурав ба түүнээс дээш насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх хүсэлт гаргаж тэтгэмж авах эрхтэй. Өрх толгойлсон эцэг, эхэд улирал тутам 450 мянган төгрөгийн тэтгэмж олгох аж.

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг

Энэ хуулийг дэмжиж байгаа юм. Эцэг, эхэд хоёуланд нь зэрэг олгохгүй. Хүүхдээ харж байгаа эцэг эхийн аль нэг нь хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилдаа орвол эцэг юм уу эхэд нь тэтгэмж олгохоор зохицуулж байгаа нь зөв шийдэл.

Энэ хууль анх 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эхэлсэн “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдаж байсан. Жилд 52 мянган эх ажилдаа эргэн орсноор “Цалинтай ээж” хөтөлбөрөөс хасагддаг ч, ийм гэр бүлийн 20 мянган орчим аав ажилгүй байдаг. Харин дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жилд 20 мянган эцэгт тэтгэмж авах боломж бүрдсэн билээ.