“Шинэ зуун дэвшилтэт бодлого” уулзалт боллоо
2022.08.10

“Шинэ зуун дэвшилтэт бодлого” уулзалт боллоо

“Шинэ зуун дэвшилтэт бодлого” уулзалтыг НАМЭХ-ноос 9 дүүргийн тэргүүлэгчид, гишүүд, дэмжигчдийнхээ дунд амжилттай зохион байгууллаа. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сэмжидмаа нар оролцлоо. Энэ үеэр НАМЭХ-ны ойрын үед хийсэн ажлуудаасаа танилцуулж, МАН-аас авч хэрэгжүүлж буй “Шинэ зуун дэвшилтэт бодлого”-ын талаар илтгэл тавин хурлын төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцаж, асуултад нээлттэй хариулав.

Уулзалтад 9 дүүргийн НАМЭХ-ны төлөөлөл 400 гаруй эмэгтэйчүүд оролцож өргөн хүрээнд цугласан нь улс төр дэх эмэгтэйчүүдийн идэвх, оролцоо нэмэгдэж  байгааг харуулсан  уулзалт боллоо.

Төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, тсонирхсон асуултаа асууж тодорхой хариултуудыг авсан юм. Энэхүү үеэр эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлаараа улс, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, идэвх зүтгэл гарган ажиллаж буй салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөлд “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Засгийн газрын шагнал буюу салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгийг УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сэмжидмаа, дүүргүүдийн НАМЭХ-ны тэргүүн нар хамтран гардуулан өгч, баяр хүргэлээ.