“Төр, хувийн хэвшил ялгаагүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдалтай байна
2022.06.27

“Төр, хувийн хэвшил ялгаагүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдалтай байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажлын хэсгийн гишүүдтэй “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмнэлгийн удирдлагууд хүний нөөцийн асуудал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, үйлчлүүлэх соёл зэрэг асуудлууд тулгамдаж буйг мөн хэлж байлаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээлсэн тусламж үйлчилгээний санхүүжилтээ авах нь хүндрэлтэй байгаа гэдгийг онцолсон юм.

“Төр, хувийн хэвшил ялгаагүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдалтай байдал нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг болсон байна. Төрөөс энэ тал дээр онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй бол хүнд нөхцөл байдал үүснэ. Улсын эмнэлгийн хувьд тоног төхөөрөмжийн дутагдалтай байгааг хэллээ. Хувийн эмнэлгүүдийн зүгээс иргэдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ч үйлчилгээний тариф хэт доогуур болохоор ЭМДЕГ-аас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг гэдгээ хэлж байна.

Ажлын хэсэг эдгээр саналуудыг нэгтгэн эрэмбэлж, эрх зүйн орчинд асуудлуудыг шийдэх тал дээр анхааран ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn