Сумын эмнэлэгт их эмч хүрэлцээгүй байна
2022.06.21

Сумын эмнэлэгт их эмч хүрэлцээгүй байна

УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж байна.

Тарагт суманд зуншлага хойгуураа сайхан, урд руугаа хойдохоо арай л гүйцэхгүй байгаа ч говийн сумдаас нүүдэл суудалтай л байгаа аж. Ойрд уулзаагүй тарагтчууддаа УИХ-аар баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал солилцлоо.

Манай хөдөөгийнхөн УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сайтай байдаг.
Энэ удаа намрын чуулганаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, Шүүхий тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Хоршооны тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын хуулиас гадна олон улсад өрнөж буй үйл явдал, дайны нөхцөл байдал болон цар тахлын алсарч холдоогүй гамшгийн улмаас эдийн засаг сайнгүй, төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаатай холбоотойгоор УИХ-ын хаврын чуулганаас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зэрэг хууль тогтоомжуудаас гадна өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн баталсан Үндэсний баяр наадмын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн талаар танилцууллаа.

Мөн өнгөрсөн сард тойргийн сумдад ажиллаж иргэдтэй болон төсөвт байгууллагынхантай уулзах үеэр олонтаа яригдсан суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад төрийн үйлчилгээнийхэнтэй адил орон нутгийн нэмэгдэл олгодог байхаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас санал авахаар явуулсан талаар мэдээлэл өглөө.

Тарагтынхан тус сумын нутаг дэвсгэрт хайгуул хийж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж буйгаас гадна газар нутгийг нь ухаж төнхөх вий гэсэн болгоомжлол байгаагаа илэрхийлж байсан. Мөн иргэдээс тэтгэвэр тогтоолгох цалингийн дунджийг тооцох жил, төрийн албан хаагчдын цалин хөлс, ажлын ачаалал, нийгмийн баталгааг хангах боломжийн талаар асууж байлаа. Сумын эмнэлэгт их эмч хүрэлцээгүй, ирсэн нь удалгүй явчихдгаас иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх ажилд доголдол гарах эрсдэл байгаа тул боловсон хүчний асуудалд анхаарал тавьж өгнө үү гэсэн хүсэлтийг ч ярьж байлаа.

Уулзалтын нэг зорилго болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нь зөв эсэх талаар болон өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж буй тодорхой асуудлууд дээр зарим иргэд саналаа хэлсэн. Тухайлбал, сумын Засаг даргыг иргэд сонгож, багийн Засгийн даргыг томилдог байх нь баг болж ажиллахад дөхөмтэй гэдгийг хэлж байлаа. Төрийн сүлдийг өөрчлөх нь зөв буруу, өөрчлөх бол ямар байх вэ гэдэг дээр ч санал хэлсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn