Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив
2022.04.26

Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив

Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2016 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан бөгөөд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн анхны хэлэлцээр гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлоод одоогийн байдлаар тус хэлэлцээрт БНХАУ, Бангладеш, Азербайжан, Филиппин, Исламын Бүгд Найрамдах Иран Улс зэрэг Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд нэгдэн орсон бөгөөд хэд хэдэн гишүүн орон хэлэлцээрт нэгдэн орох дотоод процедурыг дуусгах шатандаа явж байна гэв.

Мөн тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох, худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ, бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбооны уялдааг хангахад оршино. Цааснаас цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, улмаар хүртээмжтэй болгож, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн хөтөлбөрийн зорилттой уялдан нийцнэ гэж үзэж байгааг танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улсын хувьд 2015 оноос Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд тус хэлэлцээрийн техникийн Ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох бэлтгэл ажлын хүрээнд 2018 онд Монгол Улсын хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн орчин, техникийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн. Энэхүү судалгаагаар Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин тус хэлэлцээрийг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэх тохиолдолд худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулж, улмаар экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60 хувиар хэмнэх тооцоо гарсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар асуулт асууж, хариулт авсны дараа Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.

Иймд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо