“Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2022.04.21

“Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевизүүд болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулж Оюуны өмчийн газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо” ТББ-тай хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлгийг телевизүүд болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн дунд амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж, Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Зохиогчийн эрхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулах”, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар” тус тус танилцуулга хийн, нийт 40 гаруй байгууллага оролцуулан Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээл шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.