2022.04.14

МҮЭ-ийн холбоо малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулна

Өнөөдөр (2022.04.14) МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Завхан аймгийн "Улиастай" суманд зохион байгуулагдаж байгаа "Малчин, мал аж ахуйн мэргэжилтний аймгийн зөвлөгөөн"-д оролцож, МҮЭ-ийн холбооноос малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

НҮБ-ын "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочиролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтын хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, МҮЭ-ийн холбоотой хамтран малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах чиглэлээр ажиллаж буй юм.

Тэгвэл дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд Завхан аймгийн 24 сумын малчдыг нийгмийн даатгалд хамруулах замаар нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, залуу малчдыг мал маллах арга барилд сургах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд энэхүү зөвлөгөөнийг хоёр өдрийн турш зохион байгуулж байна.

Зөвлөгөөний эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Завхан Аймгийн Засаг Дарга Д.Түвшинжаргал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар нээлтийг үг хэллээ.

Энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус зөвлөгөөнөөр тус аймгийн мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилт, тулгамдаж буй асуудал өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар зөвлөлдөх юм.