С.Одонтуяа: Төсөвт тодотгол хийх шаардлагатай
2022.04.11

С.Одонтуяа: Төсөвт тодотгол хийх шаардлагатай

УИХ дахь АН-ын дарга гишүүд ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудаа танилцууллаа.

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА: -Энэ оны улсын төсвийг тодотгох шаардлагатай. Бид ямар хэмнэлт хийх саналаа тусган Засгийн газарт хүргүүлнэ. Нэг л жишээ хэлэхэд бид Төрийн ордон руу гаднаас зочин оруулахын тулд гурван хувь албан бичиг үйлддэг. УИХ маш их цаас хэрэглэдэг. Энэ мэт үрэлгэн зардлыг бууруулж болно. Цахим үндэстэн болох ёстой.

Чили олон зуун км-ын цаанаас БНХАУ-д нүүрс нийлүүлж байхад 200 км-ын цаанаас нүүрсээ худалдаж чадахгүй байгаа нь арчаагүй байдалтай холбоотой. Нүүрс, зэсийн үнэ маш өндөр буюу түүхэн дээд түвшинд хүрлээ. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байгаа нь бодит шалтгаан биш, шалтаг. 

НӨАТ одоо 10 хувь байгааг таван хувь болгосноор далд эдийн засаг байхгүй болно" гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: -Манай Засгийн газар вакцинжуулалтыг маш үр дүнтэй явуулсан. "Ою толгой" компанитай сайн хэлэлцээ хийсэн. Энэ мэт сайн ажлууд бий. Гэхдээ одоо үүссэн үнийн өсөлтөд Засгийн газар дангаараа хариуцна" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: -Үнийн өсөлт бол Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Үүнээс шалтгаалан жагсаал боллоо. 2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Ханшийн зөрүү, үнийн өсөлт дэндэж байна. Зах зээлээс бэлэн мөнгийг татаж, 13 хувиар бодлогын хүүг тогтоох нь зөв. Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Одоо бол яаралтай бонд гаргах хэрэгтэй.

Ложистикийн хямралд төмөр зам хамгийн том нөлөө үзүүлж байна. Харилцан тарифын хямдралыг үзүүлсэн ч ОХУ-д ашигтай, Монголчуудад нөлөө үзүүлээгүй. 

Төв талбай дээр хүмүүс шударга ёсыг шаардсан. Хөгжлийн Банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн боловч яаж төлүүлэх талаар яриагүй. Хугацаатай үүрэг өгч, зээл төлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Төрийн өмчийн компаниуд хувийн компаниудтай харилцан идэж ууж байна. Тиймээс Засгийн газар төрийн өмчийн компаниудыг шахаж, зээлийг төлүүлэх тал дээр онцгой анхаармаар байна" гэв.