2022.04.06

Ж.Батжаргал: Нэн тэргүүнд дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Олон улсын хямралт байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагаврыг бууруулах талаар оруулж ирж байгаа хуулийн төслийг дэмжиж байна. Мэдээж бидэнд авч хэрэгжүүлэх гэж байгаа тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Тэдгээрээс хоёрыг нь бид дотооддоо нийлүүлэлтээ хангах бололцоо байна. Тэгэхээр хамгийн гол зүйл бол үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг хооронд нь хэрхэн нүүр тулгаж, завсрын үнэ өсөлтүүдийг тодорхой хэмжээнд яаж бууруулж чадах вэ гэдэг асуудал юм. Үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө гаргалгүйгээр зохицуулалт, зохион байгуулалтын түвшинд шийдэж болохоор зүйлүүдийг давхар авч үзэж чадвал бидний өнөөдөр ярьж байгаа зүйлс жинхэнэ үр дүнд хүрч чадна гэж бодож байна.

Шатахууны импортын асуудалд нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Хамгийн түрүүнд нэмэгдүүлэх ёстой нөөц бол дизель түлш. Уул уурхай, хөдөө аж ахуй, авто ачаа эргэлт зэрэг нь тэр чигтээ дизель түлшин дээр тулгуурлаж явдаг. Тиймээс дизель түлшний үнэ болоод нөөц хангалтыг нэмэгдүүлэх асуудлыг бид онцгой анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал бид энэ хүндрэлийг бага давах боломжтой болно.