Хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагаварыг эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тусгасан байна
2022.03.24

Хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагаварыг эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тусгасан байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.24\ нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИх-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Уг төслийн зорилтыг шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглүүлж, хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг нарийвчлан тусгасан байна.

Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуур хийх шинжилгээний хугацааг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч сунгахаар зохицуулсан бөгөөд шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг нарийвчлан тодорхойлж, шүүх шинжилгээний байгууллагаас бусад шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр шинжилгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж.

Мөн төсөлд хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага хийх, уг байгууллагын бүтцэд энэ төрлийн шинжилгээг хийх нэгжийг байгуулах, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хийх нийтлэг журам, тавигдах шаардлага, хохирлын үнэлгээг хийхэд баримтлах аргачлалыг батлах субьектыг тодорхойлох зэрэг зохицуулалтыг тусгасан. Сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагаварыг эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлохын зэрэгцээ хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, эсхүл гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна.

Хүн ам, гэмт хэргийн өсөлт, шинжилгээний онцлог, цар хүрээ, тоо хэмжээ зэргийг харгалзан шинжилгээний байгууллагыг Засгийн газрын агентлагийн статустай болгож, бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох, шүүхийн шинжилгээний алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, тэдгээрийн нийгэм, улс төр, хууль зүй, аюулгүй байдлын баталгаа, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж.