2022.01.11

Б.Энхбаяр: АН-ын дотоод асуудалд оролцмооргүй байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Гишүүдэд тараасан материалын гол агуулга нь АН-ын даргын болоод дотоод маргааны асуудал байна. Үндсэн хуулийн хүрээнд эл асуудлыг Шүүхэд шилжсэн гэж ойлгож байгаа. Шүүх дээр хэлэлцэж байгаа маргаантай асуудлыг их хуралд ярьж болох уу?

Энэ асуудалтай холбогдуулан АН-ын дарга сонгох дотоод асуудалд оролцмооргүй байна. АН-ынхан асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Ганбат хариуллаа.