2022.01.06

Ц.Туваан: Энэ тогтоолыг батлаад, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Их Хурлын тогтоол бараг хоцорч орж ирж байгаа. Гэхдээ энэ чухал асуудлыг оруулж ирж байгаа Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ гишүүддээ талархал илэрхийлье. Манай гишүүд ч энэ асуудлыг нухацтай авч үзээд, дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн үед монгол хүний тухай асуудал яг хүнийх нь хувьд, хүн судлалынх нь хувьд явж байгаа салбар огт байхгүй. Хариуцсан төрийн институц огт байхгүй. Ганц нэг хүнд юмуу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тохоод хаячихсан байгаа учраас энэ тогтоол зайлшгүй шаардлагатай.

Бид нар хүнээ зарим үед малаасаа ч дорд үздэг болчихсон үе байгаа. Монгол хүний удмын сан, гентэй холбоотой, молекулийн түвшинд ярих цаг болсон. Дэлхийн олон улсад энэ талаар ойлгож, урагшилсан, бид үүнээс хоцрох ёсгүй.

Монгол хүн бол гайхамшигтай, оюуны чадавх сайтай, сүүлийн үеийн дэлхийн ой тогтоолт, оюуны спортын дээд амжилтыг эвдэж, эзэмшиж байгаа гайхалтай ард түмэн. Үүнийг судалж муудуулахгүй байх, монгол хүн гэдэг үнэ цэнтэй капиталыг өвчин, ялангуяа удмын удамшлын янз бүрийн нэмэгдэж буй өвчлөлүүдээс хамгаалах чиглэлд энэ тогтоол маш чухал.

Тиймээс энэ тогтоолыг батлаад цаашдаа тогтоол дотор байгаа манайд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал байгаа. Энэ асуудлыг бид ярихаас өөр аргагүй болсон.

Бид генийн түвшинд асуудлаа ярьж чадахгүйгээс болж маш олон удамшлын өвчтэй хүүхдүүд төрж байна. дэлхий аль хэдийн ураг, эцэг эхийн цуснаас шинжилгээ авч эрсдлийг нь тодорхойлоод гаргачихаж байна. үүнийг хэдүүлээ одоо хийх цаг нь болсон.

Дэлхийн анагаах ухаанд монгол синдром гэхчилэн ярьдаг өвчин хүртэл бий. Бид муухай жишиг нэршилтэй баймааргүй байна. Монгол хүний өвчлөлийг генийн түвшинд нь судлахгүй бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан аймшигтай тоо байгаа. 10000 жирэмслэлт тутамд 1200 амьгүй ураг. Энэ юу гэсэн үг вэ?

Бага насны хүүхдийн тархины болон бусад төрлийн хортой хавдрууд. Бүгд сошиалаар харж байгаа. Энэ мэт ач холбогдолтой асуудлыг анхаараарай. Сүүлийн үед сонин хэвлэлээр зөвхөн цус ойртолт гэдэг талаас нь харж байна. энэ бол нэгээхэн хэсэг нь гэдгийг хэлье. Та бүхэн дэмжиж өгөөрэй.