2022.01.04

Б.Баттөмөр: 10 их наядын хөтөлбөрт үр ашгийн тооцоолол огт хийгдээгүй байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.04/боллоо. Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Долоон төсөл арга хэмжээний гурав нь хэрэгжээд дууссан байна. Гэтэл үр ашгийн тооцоолол огт хийгээгүй байна. Аливаа төслийн үр дүнг үр ашгаар дүгнэдэг. Тухайлбал, ажлын байр нэмэгдүүлэх төслийг авч үзвэл хэчнээн хүн ажлын байртай болов, экспортын бүтээгдэхүүн яаж нэмэгдэв гэх мэт.

Хэдэн хүнд зээл өгсөн нь нарийн тодорхой биш байна. Төслийн хүрээнд ямар ямар арга хэмжээ авч ажилласан эсэх, цаашид юуг анхаарах талаарх үр ашгийн тооцоолол зайлшгүй байх шаардлагатай.

Монголбанк, Сангийн яам асуудлаа томоор харах хэрэгтэй. Мөнгөний урсгал хаана явж байна, хадгаламж юунаас болж нэмэгдэв зэргийг мэддэг байх ёстой. Таамгаар ярьж болохгүй.